Уул уурхайн салбарыг түшсэн эдийн засагт найдаж буй Монгол Улс зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй болно. Ийм мэдээ ойрын өдрүүдэд дуулдаж, Засгийн газар Өмнөговь аймгийн Ханбогд суманд жилд нэг сая тонн баяжмал боловсруулах үйлдвэр барьж, 2020 гэхэд ашиглаж эхэлнэ гэж мэдэгдэв.
Өмнөх Засгийн газрын үед Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар шийдсэн үйлдвэрийг яагаад Өмнөговь руу нүүлгэж байгаагаа албан тушаалтнууд “95 жил ашиглах нөөцтэй зэсийн томоохон орд Оюутолгойг түшиглэсэн” хэмээн тайлбарлаж байна. Мөн энэ районд боловсруулах үйлдвэр байгуулагдахад тээвэрлэлт болон эрчим хүч дамжуулах зардал бага байна. Алсдаа Оюутолгойтой ойролцоо Хармагтай, Цагаан суврагын ордын зэсийн баяжмалыг боловсруулна гэж тооцсон аж.
Боловсруулах үйлдвэрийн байршилийг тогтоосон бөгөөд үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмших гэнэ. Ингэхдээ хөрөнгө оруулалтын зардал гаргахгүй. Харин үлдсэн хувьд хөрөнгө оруулагч олох, хөрөнгө оруулагч шалгаруулах ажлууд ойрын үед хийгдэх аж. Хөрөнгө оруулагч эцсийн байдлаар шалгарсны дараа үйлдвэрийг 3-4 жилд багтааж барьж, 2020 онд ашиглалтад оруулна гэж Засгийн газар тооцолсон байна.
Монгол Улс зэсийн баяжмалаа дотооддоо боловсруулснаар жилд ойролцоогоор хоёр тэрбум ам.доллартай тэнцэх мөнгөн хөрөнгийн эргэлтийг дотооддоо шингээх боломжтой аж.