Засгийн газрын гишүүд өнөөдрөөс нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү өчигдөр Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Улаанбаатар хотын хүн ам ихтэй дүүргүүдийн нэг болох тус дүүргийн цахилгаан, эрчим хүчний өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар сайдад танилцууллаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ “Манай дүүрэг 20 хороотой. 9 дүгээр хорооноос хойш гэр хороолол байдаг. Гэр хорооллын эрчим хүчний шөнийн тариф тэглэснээс хойш зуслангийн зарим хэсгийн айлуудын цахилгааны хүчдэл муу байгаа. 15-аас 20 дугаар хороонд гэхэд өвлийн ачааллын үеэр хүчдэл унадаг. Нийт 38 мянга 200 гаруй айл өрхөөс 35 хувь нь тоолуургүй. Өнөөдрийн байдлаар цахилгаанд холбогдоогүй 275 өрх бий.” гэлээ.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Засгийн газар, нийслэл, дүүргүүдийн хувьд иргэдийнхээ ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөлийг хангах нь гол зорилго учраас Засгийн газрын гишүүд дүүргүүдэд ажиллаж байна. Сүхбаатар дүүрэгт цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүчдэл уналттай хэсгүүд дээр ямар арга хэмжээ авах талаар ярилцахаар газар дээр нь ирлээ.” хэмээв. Дүүргийн нөхцөл байдлыг танилцуулсны дараа Эрчим хүчний яамны ажлын хэсэг дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслан зэрэг газруудад ажиллаж, иргэдийн асуудлыг сонссон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.