НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Зайд Раад Зайд аль-Хусейн Мьянмарт рохинжа ард түмний эсрэг аймшигт гэмт хэрэгт үйлдсэн буруутнуудыг хариуцлагад татах ёстой гэж мэдэгджээ. НҮБ-ын энэхүү өндөр албан тушаалын төлөөлөгч дэлхий даяар хүний эрхийг хэрхэн хангаж байгааг ажигладаг болохоор түүний санал бодол нэлээд жин дарах юм.
Тэгэхээр түүний хэлсэн үгийн үр дагавар Мьянмарын засаг захиргааны хамгийн дээд хэсгийнхнийг хөндөх төлөвтэй байна. Төрийн зөвлөх, тус улсын иргэний тэргүүн Аун Сан Су Чи, түүнчлэн зэвсэг хүчний командлагч, генерал Мин Аун Хлайн нар ойрын ирээдүйд геноцидын хэрэгт буруутгагдаж, шүүхийн хаалга татахыг ч Аль-Хусейн үгүйсгэхгүй байна.
Энэ сарын дундуур Аль-Хусейн НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүдэд үг хэлэх үеэрээ Мьянмарын рохинжа нарын хэргийг системтэйгээр хамтарсан байдлаар мөрдөн шалгахад геноцидын шинж тэмдэг ажиглагдсан гэж хэлжээ.
“Цэргийн ажиллагааны цар хүрээгээс харж байхад өндөр түвшинд гаргасан шийдвэр болох нь харагдана” хэмээн Дээд комиссар мэдэгджээ.
“Геноцид” хэмээх үгийг хэн нэгнийг хүнд гэмт хэрэгт буруутгахдаа хэлэх нь түгээмэл. Ингэж буруутгах нь илүү аймшигтай сонсогддог. Гэхдээ геноцидын хэргээр ял авсан хүмүүс маш цөөн.
Геноцид хэмээх хууль зүйн тодорхойлолт Холокостын дараа бий болсон юм. Тухайн үед дөнгөж байгуулагдсан НҮБ-ын гишүүн орнууд геноцидыг тодорхой угсаатны булгийг устгах зорилгоор хийсэн үйлдэл хэмээн тодорхойлсон конвенцид гарын үсэг зурсан юм.
Геноцид болсон гэдгийг Аль-Хусейн зарлах эрхгүй, үүнийг зөвхөн шүүхээр л шийддэг. Гэхдээ Аль-Хусейн Ракхайн мужаас лалын шашинтнуудыг шахан зайлуулах гэсэн эл үйлдлийг анхааралдаа авахыг олон улсад уриалж буй аж.
Дээд комиссар ч геноцидын тохиолдлыг батлахад хэцүү гэдгийг ойлгож байна. “Ойлгомжтой шалтгаанаар тухайн хүн геноцид төлөвлөж байгаагаа цаасан дээр бичихгүй, заавар зөвлөгөө өгөхгүй. Үүнд л нотлох хамгийн том саад оршиж буй юм. Гэхдээ ирээдүйд шүүх бидний илрүүлж чадсан зүйлсийг үндэслэн ийм дүгнэлт гаргана гэдэгт гайхахгүй байна” хэмээн НҮБ-ын дээд комиссар мэдэгджээ.
Энэ сарын эхээр Мьянмар улсыг 650 мянга орчим рохинжа үндэстэн орхисон байна. Энэ нь тус улс дахь рохинжаа угсаатны гуравны хоёр нь гэсэн үг юм. Түүнчлэн хэдэн зуун тосгоныг нь шатааж, хэдэн мянган хүнийг хороожээ.
Түүнчлэн үй олноор нь хөнөөсөн, хүчирхийлсэн зэрэг зэрлэг балмад үйлдэл хийсэн тухай гэрч, нотолгоо ч байгаа аж. Хүний эрхийн комиссарын хувьд өнгөрсөн наймдугаар сард болсон хүчирхийлэл Аун Сан Су Чид рохинжа нарыг хамгаалах арга хэмжээ аваарай гэж биечлэн дуудаж, заавар өгснөөс хойш хагас жилийн дараа гарсанд маш их харамсаж буй гэнэ.
НҮБ-ын Дээд комиссар Мьянмарын удирдагчтай өнгөрсөн хоёрдугаар сард утсаар ярих үедээ 2016 оны аравдугаар сараас хойш үйлдэгдэж буй зэрлэг балмад ажиллагааны тухай баримтыг дэлгэжээ. “Би энэхүү цэргийн ажиллагаагаа зогсоохыг түүнд уриалсан юм. Үүнийг намжаахын тулд бүхнийг хичээгээрэй гэсэн. Харамсалтай нь тэр үүнийг хийж чадсангүй” гэж тэрбээр мэдэгджээ.
Мьянмарын иргэний удирдагчийн армид нөлөөлөх нөлөө тун бага. Гэхдээ Зайд Раад Зайд аль-Хусейн Аун Сан Су Чиг цэргийн кампанит ажиллагааг зогсооход их зүйл хийж чадах байсан гэжээ.
Аль-Хусейн Аун Сан Су Чиг олон нийтийн өмнө “рохинжа” хэмээх үгийг дуугарахгүй байгаад шүүмжилж байна. “Тэдний нэрийг авч хаяна гэдэг юу ч хийж болно гэж бодоход хүргэх хүмүүнлэг бус үйлдэл” хэмээн Аль-Хусейн мэдэгджээ. Тэрбээр Мьянмарын цэргийн ажиллагаа 2016 оноос эхэлсэн бөгөөд дэлхий дахин үүнийг зогсооход ямар ч арга хэмжээ аваагүй гэнэ.
Мьянмарын Засгийн газраас цэргийн дайралтыг наймдугаар сард хүчний 12 хүний аминд хүрсэн террорист халдлагын хариу болгон хийсэн гэж мэдэгдсэн. Гэвч “ВВС”-ийн “Панорама” хөтөлбөр энэхүү алан хядах ажиллагаанаас ч өмнө рохинжа нар руу дайрах бэлтгэл хангаж байсан тухай баримт нотолгоог цуглуулсан байдаг. Тухайлбал, цэргүүд тус бүсийн буддын шашинтнуудад сургуулилт хийж, зэвсэгжүүлж байсан гэнэ. Түүнчлэн халдлага болохоос хэдэн долоо хоногийн өнө Засгийн газраас улс орноо хамгаалах хүсэлтэй Ракхайны иргэн бүрийг зэвсэгт цагдаа нарын эгнээнд элсэхийг уриалжээ.
“Энэхүү шийдвэрийг хүн амыг үр дүнтэйгээр шахан зайлуулахын тулд гаргасан байж болзошгүй” хэмээн уг үйл явдлыг судалсан “Fortify Rights” ашгийн төлөө бус байгууллагын тэргүүн Мэттью Смит мэдэгджээ.
Сайн дурынхан хүртэл рохинжа хөршүүд рүүгээ дайрч, байшингаа шатааж байсан гэсэн баримт бий. “Тэд яг л армийнхан шиг, адилхан зэвсэглэсэн байсан. Тэд нутгийн залуус байсан бөгөөд бид тэднийг сайн мэддэг байсан. Цэргийнхэн байшингуудыг маань шатааж, тамлан зовоож байхад тэд тэнд байж л байсан” хэмээн Мьянмарт амжилттай бизнес эрхэлж явсан Мохаммед Рафик ярьжээ.
Үүнтэй зэрэгцээд рохинжа ард түмнийг шинэ аюул хүлээж байлаа. Мьянмарын хойд Ракхайн мужид өнгөрсөн зун хоол хүнсний хомсдол нүүрлэхэд Засгийн газраас рохинжа нарыг улам чангалах арга хэмжээ авчээ. Тухайлбал, наймдугаар сарын дундаас эхлэн Ракхайн хүнсний болон хүмүүнлэгийн тусламжийг бараг нийлүүлэхээ больсон байна. Харин цэргийнхэн бэхлэлтээ улам сайжруулж байлаа. Наймдугаар сарын 10-нд буюу алан хядах ажиллагаа болохоос хоёр долоо хоногийн өмнө Ракхайнд нэмэлт батальон ирсэн гэсэн мэдээлэл цацагджээ.
Мьянмар дахь НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл хийхдээ тус улсын засаг захиргааг хүлээцтэй, тэвчээртэй байхыг уриалсан байна. Гэвч рохинжа дайчид цагдаагийн 30 хэсэгт дайралт хийхэд армийн хариу үйлдэл нь нэлээд цар хүрээтэй, системтэй, сүйрэл авчрах хэмжээнд байсан юм.
“ВВС”-гийнхэн Аун Сан Су Чи болон генерал Мин Аун Хлайн нараас энэ мэдээлэлд тайлбар хийхийг хүссэн боловч тэд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Халдлагын дараа авсан хариу арга хэмжээ дөрвөн сарын дараа ч үргэлжилсээр байгаад Зайд Раад Зайд аль-Хусейн эмзэглэж байна. НҮБ-ын Дээд комиссар эдгээр арга хэмжээ нь ямар нэгэн таагүй зүйлийн эхлэл болж магадгүй гэж үзэж байна.
Тэрбээр Бангладеш дахь дүрвэгчдийн том лагериудад жихадуудын бүлэглэл үүсч, цаашид Мьянмарт буддист сүмүүдэд халдах зэргээр томоохон алан хядах ажиллагаа үйлдэж болзошгүй гэж эмээжээ. Үүний улмаас буддын болон лалын шашинтнуудын хооронд томоохон мөргөлдөөн үүсч болзошгүй. Мьянмарын засаг захиргаа ийм аюулд хангалттай ач холбогдол өгөхгүй байна гэж НҮБ-ын Дээд комиссар шүүжилж байна
2 comments
манай хасагууд косово шиг тусгаар тогтноно гэж гай болох вий дээ.
муу тэнэг авгай