Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хурлаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг байгууллагад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзлээ.
“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний татварын хэлэлцээртэй холбогдох хэсгийг хэрэгжүүлэх тухай олон талт хэлэлцээр”, “Татварын удирдлагын чиглэлээр харилцан туслалцах тухай олон талт хэлэлцээр”-т элсэн орох шаардлагатай эсэхийг судлахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Банк, санхүүгийн байгууллагын харилцагчдын мэдээллийн зөвхөн татварын зорилгоор ашиглах чиглэлээр мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэх, шинэчлэх, мэдээлэл солилцохыг зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгож, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөлөө.
Цаашид татварын эрх зүйн орчныг ил тод, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
Европын Холбооноос татварын зорилгоор хамтран ажилладаггүй улсын жагсаалтыг энэ сарын эхээр батлахад манай улс багтсан байна. Үүний шалтгаан нь Монгол Улс “Татварын зорилгоорх ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”-ын гишүүнээр элсээгүй, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлаагүй, “Татварын бааз гувчуулах, ашиг зувчуулахын эсрэг” заавал дагаж мөрдөх шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлээгүйтэй холбоотой юм. Жагсаалтаас гарахын тулд дээрх хэлэлцээр, хөтөлбөрүүдэд нэгдэх, даган мөрдөх тухай байр сууриа илэрхийлэх ёстой.
Банк, санхүүгийн байгууллагаас татварын албан мэдээлэл солилцох, автомат мэдээллийн солилцоо нэвтрүүлэх үүргээ хэрэгжүүлсэн тохиолдолд манай улсын татвар төлөгчдийн гадаад улсын санхүүгийн байгууллага дахь санхүүгийн мэдээллийг авах боломж ч бүрдэх юм.
Сангийн сайд дээрх байгууллагад хүсэлт явуулснаар гишүүнээр элсэн орсонд тооцогдох юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.