Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт сошиалд түгээд буй хуурамч будаатай холбоотой гомдол иргэдээс  ирээгүй байна. Энэ талаар  өнөөдөр тус газараас (2017.12.19) мэдээлэл өглөө.

 Хүмүүсийн яриснаар хуурамч будааг жинхэнэ хүнсний бүтээгдэхүүнээс ялгахын тулд шатааж үзэх хэрэгтэй гэсэн мэдээллийг албаны хүмүүс үгүйсгэв. Тус газрын дэд дарга С.Даваасүрэнгийн хэлсэнээр “Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг учираас шатамхай чанартай.  Бид цардуулаар цавуу ч үйлдвэрлэдэг шүү дээ. Гэтэл үүнийг олон нийтийн сүлжээгээр шатааж үзүүлээд, хуурамч мэдээлэл түгээж, хүмүүсийг айдаст автуулж байна” гэсэн юм.

Өмнө нь 2014 онд хуурамч цагаан будаа импортоор орж ирж, худалдаалж байна гэсэн мэдээлэл цахим орчинд түгж байжээ. Энэ  дагуу холбогдох албаны хүмүүс  нийслэл хотын худалдааны цэгүүдээс дээж авч, шинжилж үзэхэд хуурамч будаа илрээгүй байна. Дахин ийм мэдээлэл цацагдсантай холбогдуулан мэргэжилтнүүд судалхад БНХАУ-аас гарсан, худал мэдээлэл болох нь тогтоогдсон байна.

Улаанбаатар хотын  хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байдаг.  Үүнээс 22 нь өөрсдөө дахин савладаг аж. Мэргэжлийн ерөнхий хяналтын газраас ОХУ-аас 39, БНХАУ-аас 18, Вьетнамаас 16, Тайланд, Японоос дөрөв, АНУ-аас нэг, Казахстанаас хоёр компани цагаан будаа импортлох мэдэгдэл хүлээн авчээ. Энэ онд  МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, долоон иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс есөн дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, хоёр  дээж хугацаа дууссан, зургаан  дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй байна. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас  шаардлага хангаагүй  4.2 тн цагаан будааг зориулалтын устгалын цэгт устгалд оруулж, аж ахуй нэгжид гурван сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн