Гитлер аварга зүйлсэд дуртай байсан гэдэг нь түүхийн эх сурвалжуудаас тодорхой болсон билээ. Breitspurbahn буюу өргөн царигтай төмөр зам нь Гитлерийн хамгийн хайртай төслүүдийн нэг байв. Энэ төслийг тэр дайн дуусах хүртэл үргэлжлүүлж байсан ажээ. Гитлер тэнгисийн болон голын хөлөг онгоцыг их хэмжээний ачаа тээвэрэлэхэд тохиромжгүй тээврийн хэрэгсэл гэж үзэж байсан. Тиймээс Хамбург, Берлин, Мюнхен, Линц, Вена, Нюрнбергийг дамжуулан хоёр дахин өргөн царигтай төмөр зам татаж, түүгээр нь 200-250 км/цагийн хурдтай аварга том галт тэрэг явуулахаар төлөвлөж байжээ. Парис, Ром, Триест гээд Европ даяар, дараа нь зүүнтээ Праг, Стамбул, Минск, Моксва руу энэ замаа татах бодолтой байв. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлэн Каспийн тэнгис, Урал руу ч татахаар зорьж байжээ.
Өнөөдөр дэлхий дээр төмөр заримын царигийн өргөн 113 өөр хувилбартай байна. Эдгээрээс хамгийн их тархсан царигийн өргөн нь 1435 мм юм. Финлянд, Монголд царигийн өргөн 1524 мм байдаг. Орос ч өмнө нь ийм өргөн царигтай байсан бол өдгөө шинэ стандартаар 1520 мм өргөн царигтай болсон. 4-хөн мм-ийн ялгаа тийм ч их биш болохоор галт тэрэг, дугуйгаа ч өөрчлөх шаардлагагүй аж. Хэдий тийм ч боловч Орост 1524 мм өргөн царигийг хот хооронд, трамвайн замд хэрэглэж байна. Испани, Португал, Чили, Аргентинд царигийн өргөн 1676 мм бол Канадад 1495 мм, АНУ-д 1473 мм байх жишээтэй.
Харин өргөн царигтай байснаар ачааны даац нэмэгдэж, хурд, урсгал нэмэгддэг. Галт тэргийг 450 км/цаг хурдтай явуулах санал гарч байсан ч энэ санаа дэмжигдээгүй байна. Ингээд унтлагын вагон 250 км/цаг, ачааны галт тэрэг 100 км/цаг байхад болно гэж үзжээ.
Ийм хурдтай үе тормоз авахад нэлээд үр дүнгүй болно. Ялангуяа манантай, цас их орсон үед хүнд. Тиймээс олрчин үеийн цахим системтэй төстэй шинэ систем боловсруулжээ. Үүгээр бол өндөр давтамжийн датчикийн тусламжтайгаар бүхий л мэдээллийг машинист, машины хэсгийн удирдлага хэсэг дээр гаргана гэжээ. Мөн халаагуур, агааржуулалт, галт тэрэгний гэрэлтүүлэг зэрэг шинэ системүүдэд ч нэлээд анхаарчээ.
Аварга галт тэрэгтэй холбоотой техникийн баримтыг 10 боть бэлтгэн гаргасан байдаг. Тухайлбал, D, E буюу “Зорчигч тээврийн вагон ба бүх төрлийн барааны галт тэрэг” хэсэгт зорчигч тээврийн галт тэргэнд 196 хүний суудалтай вагоны кино заал, 192 хүний суудалтай уншлагын нийтийн вагон, кафе, баар, уулзалтын заал, тээшийн хэсэг, доороо 8, дээрээ 4 ширхэг ариун цэврийн өрөө, суудлын болон унтлагын зориулалттай тав тухтай вагон, 480 хүний суудалтай хоолны газар, буфет зэрэг орчин үеийн галт тэргийг бодвол илүү өргөн, тав тухтай галт тэргийг бодож олжээ.
Доод давхарт нь ноёд, хатагтай нарт зориулсан үсчний салон, угаалгын 4 өрөө, 20 душ, хүлээлгийн 2 заал, ажилчдын өрөө, техникийн хэсэг, 2 ширхэг угаалгын газар, 4 ариун цэврийн өрөөг тусгажээ. Харин дээд давхарт нь тамхи татдаг, татдаггүй хүмүүсийн 120 суудалтай заал, хоол бэлтгэх гал тогоо, нарийн боовны газар, агуулах, ажилчдын 2 өрөө, 3 ариун цэврийн өрөө байна гэжээ.
Гитлерийн ноёрхол унасны дараа энэхүү материалыг ЗХУ авч, үүнтэй төстэй төсөл гаргаж байсан юм.
1 comment
гайхалтай санаа