Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Төрд алба хашдаг “занхгар” толгойтой дарга нарын хөшүүн байдал, ааш авир нь иргэдийг туйлдуулдаг талаар сэтгүүлч Ш.Даваадорж 2012 онд “Төрийн албан хаагч бол үйлчлэгчээс өөр хэн ч биш” хэмээн бичсэн. Үнэхээр л иргэдийг цус харвуулах дөхдөг төрийнхний хүнд суртал, хүйтэн, хөндий харилцаа өнөөдөр ч байсаар. Бүр зарим хэсэгтээ ужгирч, илүү хавтгайрчихаж. Бас найрсаг, соёлтой болсон сайн тал байгааг ч үгүйсгэхгүй.
“Төрийн албаны” гэсэн тодотголтой ажил, үүрэг гүйцэтгэгч хэн бүхэн төрийн албан хаагч буюу төрийн хар хүн, бүр тодруулбал түмэн олны зараал байх учиртай. Гэвч үүнийгээ ухамсарладаггүй, ямар учиртай ажил, үүрэгтэйгээ ч бүрэн ойлгодоггүй хүн төрийн албанд олон байна. Ялангуяа төрийн үйлчилгээ үзүүлэгчдийн дунд. Бид төрийн албан хаагч гэхээр л хослол, зангиатай “хонтоорын” ажилтан гэсэн хэвшмэл ойлголттой явж ирсэн. Үнэндээ бол үүнд төрийн өмчит байгууллагуудын манаачаас эхлээд дарга, даамал, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн жолооч, ТҮК-ийн ажилчин, үйлчлэгч нар, хот тохижилтынхон гээд бүгд хамаатай. Энэ удаа тэдний талаар хөндөхийг зорилоо.
Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүний талаарх 2018 оны эхний сарын статистикт дурдсанаар, Монголд төрийн 190 гаруй мянган албан хаагч бий. Үүнээс бараг 70 нь хувь буюу 132 мянга нь үйлчилгээний хэсэгт багтдаг аж. Тэдний багагүй хэсгийг бүрдүүлдэг ажилчид, тухайлбал, ТҮК-ийнхэн, нийтийн тээврийн жолооч нар бусдынхаа нэрийг хөөдөхөд нэлээд жин дардаг гэхэд хилсдэхгүй. Бид өглөө гэрээсээ гараад хамгийн түрүүнд тэдэнтэй “уулзаж”, учирдаг. Энэ утгаараа тэд иргэдийг өглөө бүр угтагч- үйлчлэгч гэсэн үг. Төрийн угтах үйлчилгээ хэрхэн эхэлдгийг ганцхан жишээгээр хэлье. (Хэдхэн хоногийн өмнө “Өнөөдөр” сонин энэ сэдвийг хөндөж, олон баримт өгүүлсэн).
Хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн хүмүүс, ахмад настан, оюутан, ажилдаа яарсан иргэд нүдээ ширгэтэл автобус хүлээж, зогсохын хажуугаар ТҮК-ийн үйлчлэгчдийн “эрүүний шөл” ууж, заримдаа хараалгаж, хөөгдөж туугддаг. Өнгөрсөн пүрэв гаргийн өглөө мөнөөх л янзаараа иргэдийг үл хүндлэн, тоос, шороо бужигнуулан авто замын хашлага дагуух хогийг нэг захаас нь “хөөж”, шүүрдэж явсан үйлчлэгч эмэгтэйд шаардлага тавьсныхаа төлөө “Миний цэвэрлэдэг газраас зайл” гэсэн “хөөрхөн” үг сонсож, эгээтэй л шүүрдүүлчихээгүй. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн дэргэдэх автобусны буудалд иймэрхүү явдал байнга шахам болдог юм.
Автобусны хар “унгас”, машин тэрэгний утаа, улиас унгирлаа хаядаг үед “хөвөнд” хахаж цацан нус, нулимастайгаа хутгалдан ядаж байхад зэрэгцээд тоос манаруулах шар хантаазтай төрийн үйлчлэгч үнэхээр хэцүү гэж иргэд өөр хоорондоо яриад л өнгөрдөг. Уг нь иргэний хувьд шаардлага тавих ёстой. Гэтэл “Зөндөө л хэлсэн. Ойлгохгүй тэнэг хүмүүст дахин хэлж, хараал, гоморхлын үг сонсож өдрийг эхлүүлэхээр ажил бүтдэггүй юм” гээд хэлээ “хаздаг” талаараа учирладаг.
Ингэж ТҮК-ийнхны бужигнуулсан тоосноос “бултан” ийш тийш хуйлрах хүмүүс автобусны жолоочтой “тулна”. Зогсох төдий болоод л “зугтан” одох унаагаа хөөж байгаа хүмүүс, эсвэл “Хурдан орооч, бушуул, түргэл” гэсэн жолоочийн “шаардлагад ташуурдуулсан” иргэдийн ам аанай л үдээтэй. Өглөөг хэрүүлээр угтахгүй гэсэн хэсэг байхад, “Өө, ингэж л байдаг юм, яршиг, түвэг” гэх нь ч бий. Автобусан дахь адал явдал үүгээр дуусахгүй. Жолооч тамхиа баагиулж, гар утсаараа хов “базна”. Нэгнээ муулна, шоудаж, идэж ууснаа бахдан ярина. Завсарт нь “п…”-гээ хэдэнтээ хэлчихнэ, бас болоогүй. Заримдаа нөгөөх муу автобусаа уралдааны машин болгож, өмнө хойноо ороод жийчихнэ. Эсвэл гэнэт хаазалж, тоормослоод зорчигчдын булчин шөрмөсний “шандас” шалгах нь аймаар. Монголчууд тулдаа л ийм хатуу хөтүү үйлчилгээний аяыг даадаг байх. Өөр улсад бол нийгмээрээ эсэргүүцээд, хууль журам, төрийн албан хаагчийн ёс зүй энэ тэр гээд бөөн асуудал үүсгэнэ.
Япон, БНСУ-д автобус, “төрийн” гэсэн тодотголтой таксины жолооч нар нь хувийн ариун цэвэр, соёлтой харилцаагаараа үлгэр дуурайл болж, эелдэг инээмсэглэлээрээ нийгэмд эерэг мессеж түгээгч байдаг. Тэд дүрэмт хувцас, цагаан бээлийгээ заавал өмсдөг, харилцааны өндөр соёл, сэтгэлтэй гээд магтвал олон зүйл бий. Тэндхийн төрийн албан хаагчид өргөсөн тангарагтай, хууль журмаа биелүүлэх үүрэг, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээгээ мэддэг, түүнийгээ ягштал хэрэгжүүлдэг. Төрийн албанд л ажилладаг бол цэвэрлэгч, жолооч, дарга хэн байх нь хамаагүй хамгийн чухал нь үүрэг, хариуцлагаа ухамсарлаж чаддаг.
Ингэж сэтгэлтэй хандсаныхаа төлөө төрийн том хангамж авч, нэг хүүхдээ их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургаж, өөрөө болон гэр бүлийнхнээ эмнэлгийн үйлчилгээнд мөн л хөнгөлөлттэй хамруулах зэргээр олон “ашигтай” талтай. Магадгүй энэ мэт хөнгөлөлт, урамшуулал, төрийнх нь хандлага албан хаагчдаа илүү ухамсартай, эерэг хандлага түгээгч, манлайлагч байх хөшүүрэг байх. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй чин сэтгэлийн хандлага хөгжингүй орнуудын төрийн албаныхны том имиж. Тиймээс л ийм нэр хүндтэй ажил хийдэг нэгнээ магтан, мандуулж, бараг удам дамжуулан бахархал болгодог юм билээ.
Монголд ч төрийн албан хаагч тангараг өргөдөг, баримтлах ёс зүйн хэм хэмжээтэй, биелүүлдэггүй л болохоос биш. Би төрийн үйлчилгээг түмэнд хүргэдэг шүү гэсэн итгэл, сэтгэл манайханд дутаад байгаа нь асуудлын гол.
Уг нь хаанаасаа хаалгач нь гэдэг. Анхан шатны байгууллагынхан нь иргэдээ хүндэлж, хүн ёсоор хандаж чаддаг байвал иргэдийн төрөө дээдлэх ухамсар, сэтгэл нь аяндаа төрнө. Харилцан итгэлцэл, хүндлэл гэсэн ёс зүйн хэмжүүр үүнээс үүснэ. Хүмүүс яагаад хувийн эмнэлгийг сонгодог юм бэ. Өөрийг нь хүндэлж, түргэн шуурхай, соёлтой үйлчилдэг учраас. Үүн лугаа төрийн үйлчилгээнийхэн ёс зүйн наад захын соёлтой бол иргэдийн итгэл, хүндлэлийг хүлээх нь гарцаагүй. Ингэж сайхан угтуулан, үйлчлүүлсэн хүн баярласан сэтгэлээсээ өгсөн ганц чихэр, шоколадаа авлига гэж бодохгүй. Хөмсгөө атируулсан, бүдүүлэг эмч, багш, өөр нэгэн албан хаагчийн занг зөөллөх гэсэндээ өвөртөө байгаа чихэр, юугаан барьж “туучихаад”, “Би энэ хүнд хахууль өгсөн” гэсэн бодолтой үлдэж, үүнийгээ хавтгайруулан “Төрийн албан хаагчид гар хардаг” гэсэн “пайз”-ыг энэ салбарын нийт хүнд зүүдэг зохисгүй явдал өнөөдөр манай нийгэмд түгээмэл бий.
Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд “Ажилтан нь хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэх, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх, өргөсөн тангараг, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйлийг мөрдөж ажиллахад анхаарна” гэж заасан байдаг. Ёс зүйн мөрдлөгт нь “Хууль ёс, ёс зүй, мэдлэг, чадвар, шударга ёс, соёлтой харилцаа, үнэнч, шуурхай байдал, хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ” гэж заажээ. Тун энгийн, хүн хоорондын харилцаанд байх наад захын зүйл байгаа биз. Зөвхөн өөрөөс нь шалтгаалах ийм л энгийн зүйлийг мөрдчихвөл ёс зүйтэй байх боломжтой аж. Гэтэл бид, манай төрийн албан хаагчид яагаад ёс зүйгүй авирладаг юм бэ.
Үүнд өнөөх сэтгэл, энэрэнгүй, хүнлэг хандлага л үгүйлэгдэж буй. “Ёс зүйг хууль, журмаар бус, сэтгэлээр тогтоодог” гэсэн ухаантны үг бий. Монголчууд бид өнөө цагийнхаа дүр төрхөөс тэс өөр уламжлал, соёл, ёс, зан заншилтай, эрхэмлэх зүйлтэй, төрөө, тэнгэрээ дээдэлдэг улс байлаа. Өнгөрсөн цаг дээр өгүүлсэн учир нь өнөөдөр бид хаана хаанаа ёс зүйгүй, харилцан хүндлэл, итгэлцэл үгүй, дайрсан, доромжилсон, цэцэрхсэн, худлаа ярьсан, жинхэнэ бүдүүлэг “орк” Монгол болчихжээ. Энэ нь гадаадынханд ч, дотоодынхондоо ч төрийн үйлчилгээгээр, тэнд ажиллагсдын хандлагаас хамгийн түрүүнд харагдаж байгааг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
Авто замд түгжирч явахаар алхчихъя гэтэл дэгэн догонтой, энд тэндээ халцгай, жижиг, том нүх, шуудуутай, нуур, намаг шиг тогтсон устай, хоёр хүн битгий хэл, ганцаараа явахад ч нарийдахаар “утсан” зам, эсвэл албан, байгууллага, айл, аж ахуйн нэгж нь мухарлаж, хашаа босгон, төөрдөг байшин шиг болгочихсон гудамжаар явах нь хөлийн бядтай, хөнгөн шингэн хүний л чадах “ажил”. Энэ ч гэсэн төрийн албан хаагчдын сэтгэлгүй хандлагатай шууд холбоотой. Сэтгэлгүй байгаа цагт ёс зүй ярих нь илүү ч байж мэдэх юм. Ийм наад захын жишээнүүдээс л сэтгэл “ханхлахгүй” болохоор бид “Бүдүүлэг Монгол” цолноосоо хэзээ ч салахгүй. “Ёс зүй бол оюуны хөгжил” гэж Ирландын зохиолч, гүн ухаан судлаач Оскар Уайльд хэлсэн байдаг.
Эх сурвалж: