УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга (дэд сайд) Ханс-Иоахим Фухтелийг өчигдөр (2017.03.16) Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, “Герман анд нөхөд маань өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаад талархал илэрхийлье. Энэ уулзалтын өмнөхөн манай Онцгой байдлын албанд гал унтраах 14 машин хүлээлгэж өгсөнд баяртай байна. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв.
Эрхэм зочин Ханс-Иоахим Фухтел, “Саяхан та УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн даргын хувиар манай улсад айлчлаад ирсэн. Тэнд уулзаж чадаагүй ч энд уулзаж байгаадаа баяртай байна. Монголын парламентын гишүүдийн дотор миний олон сайн найз бий.
Түүнчлэн Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор шинэ хэлбэрийн, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэе. Германд суугаа гадаад улсын Элчин сайд нарыг ажлаар нь байр эзлүүлбэл Ц.Болор сайд эхний 10-т гарцаагүй байна” гэлээ. Мөн ХБНГУ-ын Бундестаг дахь Төв Азийн бүлэг, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн хамтын ажиллагаа идэвхтэй, тогтвортой байгааг дурьдаад энэ удаад Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж, шинэ хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагаанд шинэ түлхэц, дэмжлэг үзүүлэх зорилготой байгаагаа хэллээ.
Уулзалтын үеэр ХБНГУ-ын Усны холбооны тэргүүн Питер Стамм усны хайгуул, хангамж, ашиглалт, цэвэршүүлэлт, хэрэглээний алдагдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Шөнефельд дүүргийн дарга Удо Хаасэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоож, техник технологийн шинэ ололтыг орон нутгийг хөгжүүлэхэд хамтран ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв.
Түүнчлэн ХБНГУ-ын Шөнефельд дүүргийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод герман маягийн тосгон байгуулсан тухайгаа Удо Хаасэн дурьдаад, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хотын дэд бүтцийг хөгжүүлэх талаар хамтран ажиллаж буйгаа дурдсан юм.
УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, “Хоёр орны харилцаа өргөн хүрээтэй хөгжиж байгаа хэдий ч худалдаа, эдийн засгийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна” гэв. Тэрбээр өндөр мэргэжлийн боловсон хүчнийг ХБНГУ-д илүү олон тоогоор бэлтгэх сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Дэлгэрсайхан нар оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.