Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Тэд Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудтай нийслэлийн удирдлагуудын хамт газар дээр нь очиж танилцан, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж байгаа юм. Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаж, дахин төлөвлөлтийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа уг барилга бол “Грийн Ресурс констракшн” ХХК-ийн барьж гүйцэтгэж буй 112 айлын орон сууц юм. 2015 оны 6 дугаар сараас барилгын ажил эхэлжээ. Нийт 24 айлын газар чөлөөлсөн бөгөөд эхний ээлжийн 112 айлын энэхүү орон сууцыг энэ оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг танилцууллаа. Орон сууцны барилгын ажил дуусах шатандаа орсон ч дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдээгүй байсан байна. Харин Засгийн газрын гишүүд дүүргүүдэд ажиллах хүрээнд уг асуудал шийдэгдэхээр болсныг компанийнхан хэллээ. “Грийн Ресурс констракшн” ХХК-ийн хяналтын инженер Д.Ариунзаяа хэлэхдээ “Манай компани 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, батламж, захирамжаа гардсан. Энэ барилга бол хамгийн эхний блок. Тулгамдсан асуудлын хувьд гадна инженерийн шугам сүлжээний шийдэл байхгүй байсан. Өнөөдөр Баянгол дүүрэгт Барилга хот байгуулалтын сайд ажиллах үеэрээ дулааны дэд станцын асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Бид үүнд талархаж байна.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.