Зөвхөн барууны кинонд гардаг цагаан тахал гэгддэг хар тамхи хэдийнэ хаалга тогшин гэрт иржээ. Судалгаагаар өсвөр насныхны 9.7 хувь нь мансууруулах төрлийн бодис хэрэглэж үзсэн байдаг. Хоёр сурагч тутмын нэг нь 14 наснаас доош үедээ анх хэрэглэж үзсэн байна. Нийт хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувийг 25-35 насныхан эзэлдэг аж. Өнөөдөр (2017.03.16) “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн талаар Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл болон Эрүүгийн Цагдаагийн Газраас хамтран мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд 15 мянга орчим га газар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг байна. Устгах ажлыг 2013-2015 онд жил дараалан хийсэн. Харин өнгөрсөн онд энэ төрлийн ажлыг хийж чадаагүй нь санхүүжилт зогссонтой холбоотой аж. Залуусын дунд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ, нэр төрөл олширч, хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчийн давхарга, сүлжээ бий болсон байна.
Тус хөтөлбөрийг 2017-2019, 2019-2021 он гэсэн хоёр үе шатгайгаар хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрт тусгаснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлд Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас баталсан гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг шийдвэрлэх гэнэ. Мөн тэдгээрийн хэм хэмжээнд үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар уг гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах юм байна.
Анх Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 84 дүгээр тушаалаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ. Улмаар Засгийн газрын тогтоолоор дээрх хөтөлбөрийг батлуулсан байна. Энэ хөтөлбөр нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах ач холбогдолтой мэргэжилтнүүд тодотголоо.
Н.ЯРУУ