БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин өнөөдөр (2017.03.16) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Элчин сайд Шин Хаймин гуравдугаар сарын 3-15-нд Бээжинд болж өнгөрсөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 5 чуулганаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа. Засгийн газрын 2016 оны ажлын тайлан, биелэлт, 2017 оны үндэсний хэмжээний нийгэм, эдийн засгийн төлөвлөгөө, төсвийн болон орон нутгийн төсвийн төсөл, Хятадын ард түмний тулгамдсан асуудал зэргийг хэлэлцдэг Хятадын “Хоёр чуулган” дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг юм.
Хятадын эдийн засаг 2016 онд тогтворжиж ДНБ нь 74 их наяд 400 тэрбум юаньд хүрч, өмнөх оноос 6.7 хувиар өсчээ. Ингэснээр дэлхийд тэргүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нь 30 хувьд хүрсэн байна. Мөн энэ онд тус улс иргэдээ ажлын байраар хангах төлөвлөгөө төсөөллөө давуулан биелүүлж 131 сая 400 мянган хүнийг шинээр ажлын байртай болгожээ. Түүнчлэн их дээд сургууль төгссөн оюутнуудыг ажлын байраар хангах тал дээр амжилт олсон бол 2016 оны төгсгөлд ажилгүйдлийн бүртгэлийн тоо 4.02 хувьд хүрч буурсан нь олон жилийн турших хамгийн доод үзүүлэлт болжээ.
Бээжингийн захиргаа өөрчлөлт, нээлттэй бодлогоо цаашид гүнзгийрүүлж, эдийн засгийн бүтцэд өөрчлөлт хийх ажлаа түргэтгэх ажлыг хийнэ. Хөгжлийн шинэ хөдөлгөх хүчин тасралтгүй эрчимжсэн. Дэд бүтцийн тоног төхөөрөмжийн тулгуурлах хүчин улам бүр өсч байна. Ардын амьжиргаа сайжирч, бүх Хятадын оршин суугчдын өөрөө зохицуулж болох орлого 6.3 хувиар нэмэгджээ. Хөдөө нутгийн ядуу амьдралтай хүн амын тоо 124 саяар хасагдаж, ядууг тэтгэж нүүлгэн шилжүүлсэн хүний тоо 2.4 саяд хүрсэн. Тус улсын дотоодын аялал жуулчлал өсөн нэмэгдэж, хилийн чанадад жуулчилсан хүний тоо давхардсан тоогоор 120 саяд хүрчээ.
Хятадын эдийн засгийн хурдан галт тэрэгт суухыг урьж байна”
Хятадын эдийн засгийн өсөлт цаашид тогтвортой, дэлхийн эдийн засгийн чухал хүчин байх болно. Энэ нь Хятадын хөрш орнууд, тэдний нэг болох Монгол Улсад ч эерэг нөлөөтэй гэдгийг Элчин сайд Шин Хаймин хэлж байна. Тэрбээр мөн “Хятадын эдийн засгийн хурдан галт тэрэгт суухыг урьж байна” гэсэн Си Жиньпины Монгол Улсад айлчлах үедээ хэлсэн үгийг давтсан юм.
Мөн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх, бүхий л салбар хамтран ажиллах, Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чин сэтгэлээр дэмжиж, туслалцаа үзүүлнэ гэлээ.
Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хоёр орны удирдагчид тохиролцоонд хүрсэн. Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрдэс баялаг, дэд бүтэц, хүмүүнлэгийн гэсэн гурван салбарт тулгуурлана гэдгийг ч тэр мөн хэлсэн юм. Энэ үеэр Шин Хаймин Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэд хэдэн санал танилцуулсан юм. Үүнд:
- Хоёр орны хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглаж, хамтын ажиллагааг сайжруулах, стратегийн уялдаа холбоог нягт болгох: Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, бусад салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх. Хоёр орны хооронд яригдаж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг аль болох эрт эхлүүлэх, бодит үр өгөөжийг харилцан ашигтай хүртээх
- Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг эрж хайж, олох: Хятадын дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь нарын Монголд хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх үүднээс Монголын мал аж ахуйн салбарт Хятадын шинэ техник, технологийг нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах зэргээр хамтдаа хөгжиж, эдийн засгийн үр ашгийг хамт хүртэх. Банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх. Энэ хүрээнд своп хэлцлийг шат шатаар ахиулах, юанийг хоёр орны хоорондох худалдааны төлбөрийн үндсэн мөнгөн тэмдэгт болгох, Хятадын банкийг Монголд арилжааны эрх бүхий байгууллага болгох
- Алсын хараатай байж, хамтын ажиллагааны шинэ уялдаа бий болгох: Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг урагшлуулах, Хятад, Монголын хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулах, “Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, 4710 км үргэлжлэх хилийн шугам дагуух бүсийг эдийн засгийн хөгжлийн бүс болгох
Ингэснээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны тогтвортой үндэс суурь болохоос гадна Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарахад дөхөм болно гэж Элчин сайд хэллээ.
Монголд Хятадын банк нээх сонирхолтой байна
Хятадын хоёр банкны төлөөлөгчийн газар Монголд бий. Bank of China, нөгөөх нь ICBC. Төлөөлөгчийн газар гэдэг хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийх эрхгүй. Тиймээс Хятадын талаас арилжааны эрх бүхий байгууллага нээх сонирхолтой байгаа юм. Ингэснээр Хятадын мөнгө Монголд орж ирнэ, Монголын эдийн засагт, Хятад-Монголын хамтын ажиллагаанд, Монголын ард түмэнд ашигтай гэж харж байна.
Энэ асуудлаар удаа дараа санал солилцсон. Зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн. Одоо энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх шатандаа яваа. Гол бэрхшээл нь Монголын хууль, эрх зүйн орчин дутагдалтай байна. Эцэст нь, энэ бол зөвхөн Хятадын банкийг Монголд нээх тухай асуудал биш, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудал юм. Тиймээс ойрын хугацаанд нааштай үр дүн гарна гэж найдаж байна.
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор өгөөжөө өгнө
Монгол Улс нь Хятадын стратегийн иж бүрэн түнш учир “Нэг бүс, нэг зам” бодлогын чухал улс бол Монгол. Си Жиньпин дарга энэ санаачилгыг дэвшүүлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрч, “Нэг бүс, нэг зам” бодлогын шугам дагуу харилцааг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулахыг Хятад улс санаачилсан боловч ашгийг зөвхөн Хятад хүртэхгүй, Орос, Монгол ч мөн бодит үр өгөөжийг хүртэх юм. Эдийн засгийн коридор байгуулах асуудлаар гурван улсын төрийн тэргүүн нар гурван ч удаа уулзаж, ярилцсан байгаа.
“Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд Хятад-Пакистаны коридор хамгийн сайн хөгжиж, үр өгөөжөө өгч байгаа. Харин Монгол Улс Хятадын стратегийн чухал түнш гэдэг утгаар энэ асуудлыг яриа төдий байлгаж боломгүй. “Нэг бүс, нэг зам” санаачилгын асуудлаар Хятад улс ирэх тавдугаар сард Бээжин хотод форум зохион байгуулна. Дэлхийн 20 гаруй орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, 100 гаруй сайд, дарга, олон улсын байгууллагын 50 гаруй төлөөлөгч, нийтдээ 1200 гаруй төлөөлөгч оролцож, тулгамдсан асуудлаа ярилцах юм.
Хоёр улсын худалдааны салбарыг хөгжүүлэх боломж бий
Хятад, Монголын худалдааны эргэлт 2016 онд 5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын нийт гадаад худалдааны эргэлт 8 тэрбум ам.доллар байдаг гэхээр гадаад худалдааны 60 хувийг Хятад эзэлж байна. Хятадаас импортоор авсан барааны эргэлт нэг тэрбум ам.доллар, харин экспорт дөрвөн тэрбум ам.доллар. Тэгэхээр зөрүү гурван тэрбумыг хүн амд тооцож үзвэл Монгол Улсын нэг иргэнд 1000 ам.доллар ногдож байна.
Өөр нэг тоо баримт дурдвал, 2016 онд Хятадын гадаад орнуудтай хийсэн худалдааны эргэлт 3,8 их наяд ам.долларт хүрсэн. Харин Монгол Улстай хийсэн худалдаа нэг хувьд ч хүрэхгүй байгаа тохиолдолд цаашид сайжруулж, хөгжүүлэх нөөц бололцоо их байна гэж харж байна. Үүнийг бүрэн ашиглаж, Монголын ард түмэнд бодит үр ашиг хүртээх тал дээр анхаар ажиллах хэрэгтэй. Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Хятад улс туслахад бэлэн гэж Элчин сайд байр сууриа танилцууллаа.