Өрнөдийнхнийг сандарч байх зуур Ким Чен Ун өндөр уулан дээр инээж баясч байна

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун саяхан солонгосчуудын ариун дагшин хэмээн хүндлэн дээдэлдэг Пэкту ууланд гарчээ. Домог ёсоор бол энд үндэстний эцэг Ким Ир Сен мэндэлсэн гэдэг. Пуужингийн ээлжит туршилтаасаа болоод дэлхий дахины үзэл ядалт, хорслыг амсаж яваа шоовдор улсын удирдагч Ким Чен Ун уулан дээр гаран инээж хөхөрч, амьдралын сайн сайхныг мэдэрч яваа бололтой. Магадгүй дайн дэгдээнэ гэсэн сүрдүүлэг түүнийг зөвхөн баясгадаг байж болох юм.
Хойд Солонгосын хойд хэсэгт, Хятадын газар нутгаас холгүйхэн орших 4000 метр энэ ууланд Ким Чен Ун инээн баясаж байгаа зургийг төрийн хэвлэл мэдээллээр цацсан байна.
Хэдийгээр Ким Ир Сенийг ЗХУ-ын газар нутагт мэндэлсэн гэх хөдөлшгүй нотолгоо байдагч ч энэ ариун дагшин Пэкту ууланд мэндэлсэн гэж хойд солонгосчууд үздэг. Үүгээр ч зогсохгүй энэ ууланд Солонгосын өөр нэгэн удирдагч болох Кочосон хэмээх эртний улсыг байгуулагч Дангун НТӨ 2333 онд Пэкту ууланд төрсөн гэж домог болгон ярьцгаадаг.
Пэкту нь эртний галт уул юм. Одоогоос 1000 орчим жилийн өмнө энэ галт уул оргилж, үнс нурам нь Японы хойд хэсэгт хүрч байсан гэдэг. Харин сүүлийн үед барууны шинжээчид Хойд Солонгосын цөмийн туршилтаас болж эртний галт уул сэрж, Солонгосын хойг урьд өмнө нь амсаж байгаагүй гал уулын дэлбэрэлтэд өртөх болно гэж үзэж байгаа юм.
Ким Чен Ун Пэкту ууланд гарсныхаа дараа ойролцоох Самчиён тосгоны иргэдтэй уулзаж, тэдэнд аж ахуйгээ эрхлэх зөвлөгөө өгчээ.