-Хүсэлтэд С.Зориг агсны хэргийн Төрийн нууцтай холбоогүй зарим нэг нотлох баримтыг ил болгож, олон нийтийн эргэлзээг тайлах нь зүйтэй гэж дурджээ-
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх гуравдугаар сарын 14-нд болсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр (2017.03.16) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хөндсөн асуудал нь Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тухай байв. Гуравдугаар сарын 14-нд болсон шүүх хурлын талаар Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд дуугарахгүй бол болохгүй. Тойргийнх нь хоёр хүн энэ хэрэгт холбогдсонд маш их харамсч байна гэж тэр хэлэв.
Мөн Төрийн нууцтай холбоотой учраас хаалттай болсон С.Зориг агсны хэрэг олон хүнд эргэлзээ төрүүлж байна. Тиймээс төрийн нууцтай холбоогүй зарим нэг нотлох баримтыг ил болгож, олон нийтийн эргэлзээг тайлах нь зүйтэй гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид явуулжээ. Хүсэлтийнхээ дагуу Ерөнхийлөгчийн зарлиг гаруулах алхам хийсэн нь энэ гэнэ. Мөн энэ хүсэлтийн хувийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч, генерал Б.Хурц нарт хүргүүлжээ.