АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялалт байгуулсны дараа гурван сая цагаачдыг хөөн гаргахын сацуу Мексикийн хилийн дагуу хана барина гэдгээ мэдэгдэж “Энэ ханыг барихад шаардагдах хөрөнгийг Мексикийн тал гаргах ёстой” гэсэн бол Мексик Трампын үгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа илэрхийлж байв. Тэгвэл Дональд Трамп АНУ болон Мексикийн хилийн дагуу барих хананд 1,5 тэрбум ам.доллар зарцуулахаар болж, хөрөнгийг Засгийн газрын энэ оны төсвийн төсөлд тусгасан байна. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны Захиргаа, төсвийн удирдлагын тэргүүн Мик Малвейн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.
Одоогоор хил орчмын газарзүйн байрлалыг судалж байгаа бөгөөд энэ мөнгөөр хэр урт хана босгох нь тодорхойгүй байгаа аж. Түүний хэлснээр 1,5 тэрбум гэдэг бол зөвхөн төслийг эхлүүлэх хөрөнгө гэнэ. Цаашид дахин 2.6 тэрбумыг зарцуулах юм байна. Хэдийгээр хана барих мөнгийг төсөвт суулгасан ч дээрх санаанаасаа Ерөнхийлөгч буцаагүй байгаа аж. Тухайлбал, Мексикийн Засгийн газарт үзүүлдэг тусламжийн хэмжээг багасгах, худалдааны татварыг нэмэх замаар “шархаа нөхөх” гэсэн хувилбар байж болох юм гэсэн таамаглал бий юм. Харин Мексикийн Гадаад хэргийн сайд Луис Видегарай Мексикийн цагаачдын эрх ашгийг америкчууд хөндвөл олон улсын байгууллагад хандах эрх ашгаа хамгаална хэмээн мэдэгдээд байгаа юм. Хана барих төслийн эцсийн тооцоо ирэх тавдугаар сард бэлэн болох бөгөөд төсвийн төслийг парламентын дээд, доод танхим дэмжсэний дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хууль хэрэгжих учиртай.