Хаашаа ч эргэж магадгүй эмзэг насан дээрээ байдаг өсвөр үеийнхэн сүүлийн жилүүдэд цахим гадуурхлаас болж амиа хорлож байна. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 оны хооронд насанд хүрээгүй 92 хүүхэд амиа хорлосон байна.
Амиа хорлосон хүүхдүүдийн 20 хувь нь сургууль, цахим гадуурхлаас болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Баянгол дүүргийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн 12 настай хүүхэд амиа хорлосон хэрэг гарчээ. Түүнийг амьдрах хүсэлгүй болход нь цахим орчин хамгийн их нөлөөлсөн аж.
Тухайн сургуулийн сурагчид “Тэнэгүүдийг дэлхийгээс зайлуулах хөдөлгөөн” гэгчийг зохион байгуулж, анги бүрээс нэг хүүхэд сонгон сургуулиас зайл, манай дүүрэг, манай хотоос зайл, дэлхийгээс зайл гэх мэтээр элдвээр гоочилж, доромжилсон байна. Түүгээр ч зогсохгүй “Тэнэг хүнтэй найз, фэйсбүүкийн группийн найз хүнийг хоёр цагийн дотор найзаасаа хасахгүй бол тэнэгүүдийн тоонд оруулна” гэх уриалгыг сургууль даяараа гаргаснаас болж хүү сургууль дээрээ сурах аргагүйд хүргэжээ. Үүнээс гадна хэд хэдэн хүүхэд амиа оролдохыг завдсан аж.
Ийм гадуурхалд өртсөн хүүхэд гэр орондоо тогтворгүй болох, сурлагын чанар муудах, тамхи татах, бэлгийн амьдралын буруу зам руу орох, сургуульдаа дургүй болох” зэрэг шинж илэрдэг болохыг Оксфордын их сургуулиас судалгаа гаргасан байна. Мөн хүүхэд гадуурхаж байгаа хүүхэд ч мөн адил хичээлдээ явахгүй, буруу хүмүүстэй нийлэх, гадуур тэнэх зэргээр зан араншин нь өөрчлөгддөг байна.