Их дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 14-ны 18 цагт дуусна. Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг ойролцоогоор 37 мянга гаруй хүүхэд дүүргэж байгаа аж. Өмнөх жилүүдэд төгссөн залуусыг оролцуулаад энэ хавар 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгөх урьдчилсан тоо гарсан байна. Бүртгэл гуравдугаар сарын 14-ны байдлаар 20 гаруй хувьтай явагдаж байна.
Элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүхэд залууст сануулахад энэ жил ЭЕШ-т цөөн хэдэн өөрчлөлт орсон байна. Тодруулбал, монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамтатган зохион байгуулахаар болжээ. Мөн монгол хэл, англи, орос хэлний шалгалтад сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг нэмж оруулж байгаа юм байна. Шалгалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан шалгалт авах бүх байранд сонсох төхөөрөмж байрлуулах аж.
Сонсох төхөөрөмжийн ажиллагаа нь шалгуулагчдын амжилтад сөргөөр нөлөөлөхгүй гэж мэргэжилтнүүд үзсэн гэнэ. Түүнчлэн өмнөх жилүүдэд шалгуулагчдад буруу хариултаа засах боломжийг олгохын тулд тестийг харандаагаар бөглүүлдэг байсан бол энэ жил хар, хөх өнгийн үзгэн балаар бөглөхөөр болсон юм байна.
Дашрамд дурдахад, Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр аймаг, дүүргийн ЕБС-иудыг шалгалт өгсөн үзүүлэлтээр нь эрэмбэлдэг. 2016 оны хувьд 10 хичээлийн хэмжээст дунджаар жагсаалтыг гаргахад Өвөрхангай аймаг улсад тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Дорнод, гуравдугаар байрт Завхан аймаг оржээ. Нийслэлийн дүүргүүдийн тухайд нэгдүгээр байрт Сүхбаатар, хоёрдугаарт Баянгол, гуравдугаарт Чингэлтэй дүүрэг оржээ.