АНУ-ын Геологийн нийгэмлэгээс Шинэ Зеланд болон Шинэ Каледонийн газар нутгийг шинэ тивээр нэрлэлээ. “Зиландия” хэмээх энэ тив нь манай гаригийн долоо дахь тив болж буй юм. Геологичид манай гаригийг эх газраар нь хуваан авч үзэхдээ Европ, Азийг нэгтгэн Евроази гэж үзэн, дэлхий зургаан тивтэй гэж дүгнэсэн байдаг. Далайн ёроолоос ялгарч өргөгдсөн “Зеландия” тив нь ойролцоогоор Энэтхэгийн хэмжээтэй, Мадагаскар, Гринландын арлуудаас том хэмжээтэй аж. Энэ нь Австрали тивийн газар нутгийн 3/2-тай тэнцэх хэмжээний нутаг гэнэ.
Энэ талаар 11 эрдэмтэний хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны материал АНУ-ын Геологийн нийгэмлэгийн албан ёсны сэтгүүлд гарчээ. Судлаачдын үзэж байгаагаар хуурай газрын тэр хэсэг 80 сая жилийн өмнө Гондвана гэх балар эртний тивээс тасарчээ. Тэдний үзэж байгаагаар “Зеландия” тив нь Шинэ Зеландын нутгаас Номхон далайн нутгийг хамарсан нийтдээ 4.9 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай тив байх бөгөөд 94 хувь нь Номхон далайн гүнд нуугдсан байгаа аж. Геофизикч Брюс Люндик анх 1995 онд “Зеландия” хэмээх эх газрыг судалснаар тив болгох санал гаргажээ. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн турш судалгаа шинжилгээ хийсэн байна. Ингээд эрдэмтэд уг газрыг хангалттай хэмжээний эх газартай учраас ийм дүгнэлтэд хүрч, дэлхийн долоо дахь тивээр нэрлэжээ. Хэрэв шинжлэх ухааны нийгэмлэг эрдэмтдийн дэвшүүлсэн таамгийг хүлээн зөвшөөрвөл дэлхийн газрын зураг шинэ тивтэй болох юм байна.