Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр өрхийн эмнэлгийн ажилчдыг шаардлагын хариуд тайлбар хийлээ. Түүний хэлсэнээр өрхийн эмнэлгүүд орон нутгийн нөхөрлөлд багтдаг учираас төрийн албан хаагчдын адил урамшуулалд хамрагддаггүй аж. Иргэдэд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүлмэндийн яамнаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр 8 сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг өнгөрсөн даваа гаригт гаргасан байна.
Салбарын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах эрх бүх хүнд бий. Гэхдээ хуулийн хүрээнд асуудлаа тавих учиртай. 2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмэгдээгүй байдаг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд төр засаг тухайн хороонд амьдарч буй иргэдийн тоогоор санхүүжилт олгож ард түмэндээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Энэ санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.Үйлдвэрчний эвлэлийн зарим төлөөлөл энэ шийдвэрийг өөрсдийн шахалтаар гаргуулсан мэт ойлголт олон нийтэд өгөх үйлдэл хийсэнд харамсаж байна.” гэсэн юм.
УИХ-аас батлагдсан 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 300 хүртэлх мянган төгрөг, багш нарт 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тусгасан байдаг. Гэвч энэ урамшуулал өрхийн эмнэлгийн ажилчдад хамаарахгүй байгаа нь гадуурхал гэж тэдний төлөөлөл өчигдөр мэдээлэл хийсэн юм. Иймд ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.
2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2 дугаар заалтад “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээ гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” гэж заасан байдаг. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар улсын төсвөөс санхүүждэг аж. Улсын төсвөөс санхүүждэг ч хувийн хэвшил гэсэн статус нь өрхийн эмнэлгийн 3000 орчим ажилтныг урамшууллаас гадуур үлдээхэд хүргэжээ.