Тэгийн эзэд буюу биткоин хүмүүсийн хувь заяаг хэрхэн өөрчилж байна вэ?

[starbox]

Дэлхий нийт биткоины энэ өсөлт цаашид хэрхэн өрнөх бол хэмээн чимээ тавин ажиглаж байна. Криптовалютын ханш сүүлийн үед дээд түвшиндээ хүрч өссөнөө эргээд буурч байгаа билээ. Шүүмжлэгчид энэ өсөлтийг удаан үргэлжлэхгүй, цифрэн валют удалгүй өмнөх шигээ юу ч биш болно гэж таамаглаж байна. Гэхдээ биткоиноор болон бусад виртуаль мөнгөөр мөнгө олж байсан, одоо ч олж, баяжиж буй хүмүүс бий. Тэгвэл ямар хүмүүсийн хувьд биткоин тэнгэрийн умдаг нь болоод байна вэ?

БИТКОЙНЫ САЯТАНУУД ГЭЖ ХЭН БЭ?

Биткоин бол дэлхийн хамгийн анхны, одоогийн байдлаар хамгийн алдартай криптовалют юм. Цифрэн мөнгө анх 2009 оны нэгдүгээр сард мэндэлсэн бөгөөд тухайн жилд биткоины албан ёсны ханш нэг ам.долларт 1309.63 биткоинтой тэнцэж байлаа. Тэгвэл өнөөдөр нэг биткоин 9506.56 ам.доллартай тэнцэж байна. Тэгэхээр биткоины саятанд тооцогдохын тулд одоо 100 гаруй нэгж криптовалюттай байхад л хангалттай аж. Нарийн яривал нэг сая ам.доллар 104 биткоинтой тэнцэж байгаа юм.

НЭР НЬ ИЛ БОЛОГСОД

Цифрэн валютын нэг гол давуу тал нь түүнийг эзэмшигч нь нэрээ нууцалсан саятан болж болдгоороо онцлогтой. Тиймээс зузаан криптотүрийвчтэй хүмүүсийн олонх нь нууцлаг хэвээр үлдэж байна. Гэхдээ нэр нь ил болсон зарим нөхөд бий.

“Биткоин” төлбөрийн системийг зохион бүтээсэн хүний тоонд Сатоши Накамото гэгч ордог. Тэр нэг сая биткоинтой. Үүнийг 2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний ханшаар тооцох юм бол 9.5 тэрбум гаруй ам.доллар гэсэн үг. Үнэндээ Сатоши Накамото нь нэг хүн үү, эсвэл нэгдмэл нэр авсан бүлэг хүн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнээс гадна Кэмерон, Тайлан Уинклвосс хэмээх ихэр хоёр залуу саятнуудын эгнээнд оржээ. 2013 онд тэд Марк Цукербергээс “Facebook” олон нийтийн сүлжээ байгуулах санааг нь хулгайлсан хэргээр 62 сая ам.доллар нэхэмжилж авсан түүхтэй. Ингээд авсан мөнгөнийхөө зарим хэсгийг буюу 11 сая ам.долларыг ах дүү хоёр биткоинд хөрөнгө оруулжээ. Түүнчлэн Уинлвоссын ихрүүд “Gemini” криптовалютын худалдааны бирж байгуулсан байна. Энд хөрөнгө оруулсныхаа ачаар ах дүү хоёр 1.5 сая биткоин буюу 14.2 тэрбум ам.доллартай болж байгаа юм.

ӨАБНУ-ын иргэн Мфо Дагада 2013 онд Йоханнесбургийн их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа анх биткоиныг сонирхож эхэлжээ. Анх удаа залуу хүү өөртөө бус, компьютер технологид муу гэх танилынхаа гуйлтаар криптовалют худалдаж авсан байна. Дагада түүний хүсэлтийг биелүүлснээсээ хойш үе үе ханшийн өөрчлөлтийг нь ажигладаг болжээ. Ингээд 2014 оноос өсөлт ажиглагдаж эхэлсэн байна. Энэ үед Мфо угаалга цэвэрлэгээний жижиг бизнес эрхэлдэг болчихсон байв. Залуу хүү ашгаасаа биткоинд хөрөнгө оруулсаар, системийг нь нарийн судалсны эцэст цифрэн валют нь ирээдүйтэй болохыг мэдэрчээ.

Дагада биткоины ханшийн өсөлтөөр хэдий хэмжээний мөнгө олсноо дэлгэрэнгүй мэдэгдээгүй байна. Гэхдээ л тэр өөрийн гэсэн ложистик компани, түргэн хоолны сүлжээ ресторан нээх мөнгөтэй болжээ. Тэр өөрийнхөө бизнес концепцийг Цахиурын хөндийд танилцуулж, шинжээчдээс эерэг үнэлгээ авч байсан юм. Өдгөө африк залуу 24 настай бөгөөд “21 дүгээр зууны саятан” номоо бичиж, үүндээ цифрэн валют, хувийн бизнесээ тэгээс эхэлсэн туршлагаа хуваалцжээ.

Мөн өөрийгөө мистер Смит хэмээн зарласан эр 2010 онд биткоин их хэмжээгээр худалдан авчээ. Тухайн үед тэр Калифорнийн Цахиурын хөндийд программистаар ажилладаг байсан бөгөөд хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө шинэлэг бүтээгдэхүүний цаад технологийг нарийн судалжээ. Цифрэн валют Смитэд их ирээдүйтэй санагдаж, 3000 ам.долларын хөрөнгө оруулж болох юм гэж шийдсэн гэдэг.

 

Эндээс дүгнэхэд Смит тус бүрийг нь 0.15 ам.доллараар 20 мянган ширхэг биткоин худалдан авсан гэсэн үг. Энэ хөрөнгө оруулалт нь залуу хүнд нэлээд эрсдэлтэй алхам ч түүнд цаашид юу болох бол гэдэг нь сонин байлаа.

Түүний хувьд гурван жилийн турш ийм салбарт хөрөнгө оруулснаа бараг мартжээ. Гэтэл 2013 оноос биткоины тухай мэдээлэл алдаршиж, санхүүгийн мэдээллийн объект болж эхэлмэгц цифрэн мөнгө нь худалдаж авсан үеийнхээ 2000 дахин үржигджээ. Ингээд нэг биткоин 350 ам.доллар болсныг мэдсэн залуу 2000 нэгжээ зарсан байна. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа нэг нэгж биткоин 800 ам.доллар хүрэхэд тэвчилгүй, дахиад л зарж орхижээ. Ерөнхийдөө тэр нэг унтаад сэрэхэд л саятан болсон гэсэн үг. Ингээд тэр 2.3 сая ам.доллар дансандаа хийж чадсан байна.

Программист эр ажлаасаа ч гарч, найз охинтойгоо дэлхийгээр аялдаг болов. Сүүлийн жилүүдэд тэр дахин хэд хэдэн удаа биткоин зарсан бөгөөд энэ нь түүний хөрөнгийг 10 дахин нэмэгдүүлж чаджээ. Гэхдээ тэр криптовалютаа бүгдийг нь зарж дуусгах бодолгүй байна. Яагаад гэвэл биткоинд цаашид илүү их ирээдүй бий гэж итгэх аж. Смит найз бүсгүйтэйгээ Монако, Сингапур, Цюрих, Лас-Вегас, Москва гээд хүссэн хот болгондоо очиж үзжээ.

Биткоины тухай 99Bitcoins хэмээх блог хөтөлдөг залууг Офир Бейгель гэдэг. Тель-Авив хотын иргэн түүний хувьд ийм тооны цифрэн валютыг 2013 онд худалдан авчээ. Түүний биткоиныг 2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний ханшаар бодож үзэх юм бол бараг л нэг сая ам.долларт хүрнэ. Тэрбээр интернэт сүлжээнд криптовалютын тухай мэдээлэл ойлгомжгүй бичигдсэн байдгийг анзаарчээ. Ингээд л шинэ хүмүүст зориулсан блог нээсэн байна. Эндээ биткоин технологийн тухай мэдээлэл оруулж, худалдааны талбар дахь санал сэтгэгдэл хүлээн авч, олборлох заавар өгч, худалдан авах, хадгалах, биткоин старт-апын хэтийн төлөвийн талаар мэдээлэл хүргэж байлаа. Бейгель чөлөөт цагаараа аялж, усанд сэлж, нисдэг тэрэг жолооддог. Тэрбээр биткоинд хөрөнгө оруулахад хэзээ ч оройтохгүй гэж үздэг байна.

2017 оны аравдугаар сард Нидерландын олон хүүхэдтэй нэгэн иргэн байшингаа зарж, бүх хөрөнгөө биткоинд нийлүүлжээ. Диди Тайхутту 390 мянган ам.доллараар 85 нэгж криптовалют худалдан авсан байна.

IT-ийн мэргэжилтэн түүний төлөвлөгөө бол биткоиныг гурван жил дараад энэ хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ дэлхий даяар хэмнэлттэй аялалд гарах юм. Эхнэр, хүүхдүүд нь ч түүнийг дэмжсэн байна. Өдгөө тэд Филиппиний Боракай аралд амарч байна.

Түүний биткоиныг энгийн мөнгөнд шилжүүлбэл 2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний ханшаар 816 мянган ам.доллар болно. Мэдээж энэ нь маш эрсдэлтэй хөрөнгө оруулалт ч Диди криптовалютын ирээдүйд итгэдэг байна. “Хэрвээ та юунд ч эрсдэл хийж чадахгүй бол амьдрал тань уйтгартай байна шүү дээ” хэмээн тэрбээр өгүүлжээ.

One thought on “Тэгийн эзэд буюу биткоин хүмүүсийн хувь заяаг хэрхэн өөрчилж байна вэ?

  1. zochin 2017-12-06 17:14 at 17:14

    joohon orchin uyiin medeelel orchuulj tavilda, ali deer uyiin yum tavihiin

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн