Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 1,524 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлжээ. Тус байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хотын зургаан дүүрэгт шалгалт хийсэн байна. Тэд агаарын бохирдол хамгийн их ялгаруулдаг харуулын байр, авто засвар, угаалгын газар, тосол зардаг ТҮЦ, үйлдвэр зэрэг 1,962 аж ахуй нэгжид хяналт тавьжээ. Шалгалтаар зөрчил илэрсэн аж ахуй нэгжүүдэд нийт 5.6 сая төгрөгийн торгууль ногдуулсан бол 78 обьектод цахилгаан халаагуур суурилуулсан байна.
Агаарын тухай хуулинд аж ахуй нэгж байгууллага, хувь хүн нь шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин, аж ахуй нэгж байгууллагыг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах, газар эзэмших эрхийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авна гэж заажээ. Мөн хүн амын оршин суугаа орчны агаар бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг бол хууль бусаар олсон орлогыг хурааж, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг юм байна.