АН-ын дотоод асуудал аль хэдийнэ тогооноосоо хальж олон нийтийн анхаарлын төвд байна. Өнөөдөр (2017.03.10 ) тус намын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд “Ардчилсан нам”-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзав. Харин Үндсэн хууль , Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан Намын даргаар С.Эрдэнийг сонгосныг бүртгэлээ. Энэ шийдвэртэй холбогдуулан С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар 18:00 цагт намын байрандаа мэдээлэл хийж АН-ын дотоод асуудлыг Улсын дээд шүүх ойлгосонгүй гэдгээ илэрхийлэв.
Тэрбээр “ Үндэсний бодлогын хороо болон анхан, дунд шатны намын байгуулалтын дарга, гишүүдийг бүх гишүүдээрээ сонгохыг болохгүй гэж Дээд шүүх үзсэнийг ойлгохгүй байна. Намын дарга нь бүх гишүүдийн сонголтоор сонгогдож чадсан юм бол анхан, дунд шатны гишүүд нь мөн бүх гишүүдээсээ сонгогдох ёстой” гэсэн юм. Мөн Дээд шүүхээс С.Эрдэнийг Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг зүйл бүрээр хэлэлцээгүй гэж үзсэнийг үгүйсгэсэн юм. С.Эрдэнэ хэлэхдээ бүх аймаг, дүүрэг дээр салбар хуралдааныг хуралдуулж, дүрмийг зүйл бүрээр нь хэлэлцүүлж, олон санал авсан саналуудыг их хурлаар батлуулсан гэнэ.
С.Эрдэнэ даргатай намыг тойрсон асуудал үүгээр дуусаагүй. Тус нам удахгүй дотоод сонгуулиа хийнэ. Сонгууль ирэх сарын 2-нд болох бөгөөд Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн болон аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшигчид бүгд тодорхой хэмжээний дэнчин төлж байгаа юм.
Одоогоор 374 нэр дэвшигч бүртгүүлээд байна. Намын шинэ дүрэм ёсоор энэ хороо 389 гишүүнтэй байх юм. Энэ нь тус намын дансанд зөвхөн Үндэсний бодлогын хороонд өрсөлдөгчдийн дэнчингээс 1.1 тэрбум гаруй төгрөг цугларсан гэсэн үг. Үүнийг тус намын гишүүд эсэргүүцээд байгаа. Тэд “Энэ бол АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийг бүрхэгдүүлсэн шийдвэр” гэж зарлаад байгаа билээ. Иймд намын дотоод сонгуулийг явуулах нь зүйд нийцэх эсэх, өндөр хураамж, дэнчин нь аль дүрмээр тогтоогдож байгаа тодруулах зэрэг олон асуудал байгаа тус намын зүгээс Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулах шийдвэр гаргажээ.
1 comment
Golog erdene