Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл өрийн тогтвортой байдлыг сэргээж, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэн, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар авч буй Монгол Улсын арга хэмжээг дэмжин 120 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.
Дэлхийн Банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Тус хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг эрүүл, зөв замд нь оруулахад чиглэсэн засгийн газрын олон арга хэмжээг дэмжиж байгаа юм. Тэргүүлэх чиглэлүүдэд бодлогын шинэчлэл хийснээр төсөвт тохиргоо хийх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахад тусална. Дээрх шинэчлэлийн арга хэмжээнүүд нь хөтөлбөрийн хүрээнд олгож буй урт хугацаатай, хямд өртөгтэй санхүүжилтийн хамт Засгийн газрын өрийг тогтворжуулан, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд туслах юм” гэжээ.
Монгол Улсын эдийн засгийн удирдлыг дэмжих үйл ажиллагааны эхний Хөгжлийн бодлогын санхүүжилт (ХБС) нь цаг үеэ олсон чухал үед батлагдаж, бодлогын шинэчлэл
хийх улс орны чиглэлтэй нийцэж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэ огцом унасны дээр эдийн засгийн тэлэх бодлого явуулсны улмаас Монгол Улсын эдийн засагт хүнд сорилтууд тулгарч байна. Төсвийн алдагдал хурдацтай өсч, олон улсын зах зээлээс босгосон санхүүжилт нь Засгийн газрын өрийг 4 дахин нэмэгдүүлсэн бол эдийн засгийн тэлэх бодлого нь валютын ханшийг огцом унагаж, 2013 оноос хойш гадаад валютын нөөц их хэмжээгээр буурахад хүргэжээ.
Хэдийгээр Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоонд төсвийн алдагдлыг хянах зохицуулалтууд байдаг ч сүүлийн жилүүдэд төсвийн гадуурх зарлага хийх замаар тэдгээр зохицуулалтыг тойрон өнгөрсөн байдаг. Төсвөөс гадуурх болон төсвийн шинжтэй зарлагыг төсөвт нэгтгэснээр бүхий л зарлагыг төсвийн нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэх боломжтой болно.
Түүнчлэн 2016 оны зарлага өсөх хамгийн гол эх үүсвэр болсон хөрөнгийн зардлыг бууруулах нь гол зорилт байх болно. Орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд дотор бага орлоготой иргэдийн татварыг бууруулахад чиглэсэн хүн амын орлогын албан татварын шаталсан буюу прогрессив тогтолцоог нэвтрүүлэх болон архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ багтаж байгаа нь эрүүл мэндийг хамгаалах, орлогыг нэмэгдүүлэх зорилтуудыг аль алиныг нь дэмжиж байна. Түүнчлэн татварын бааз суурийг өргөжүүлэх бусад шинэчлэлийн арга хэмжээг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх болно.
Засгийн газрын зүгээс нийгмийн халамжийн тогтолцоог ядуу хүмүүст илүү хүртээмжтэй, үр өгөөжтэй болгохын тулд Хүнсний талон хөтөлбөрийг бэхжүүлэх, ядууст чиглэсэн тэтгэмжийн үндэс суурийг тавих зэрэг арга хэмжээг авч байгааг тус хөтөлбөрийн хүрээнд мөн дэмжиж байна.
Монгол Улсад 2014-2016 оны хооронд ядуурал огцом өссөн нь эдийн засгийн хямралын үед нэн ядуу иргэдийг хамгаалах бат бөх тогтолцоо хэрэгцээтэй байгааг сануулж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой байлгахад чиглэсэн шинэчлэлийн арга хэмжээ багтсан.
Хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх нь Монгол Улс хөгжлийн урт хугацааны нөөц бололцоогоо нээж, түүхий эдийн экспортоос хамааралтай байдлаа бууруулахад тусална. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын хамгааллыг бэхжүүлэх, үйл ажиллагааны зөвшөөрөл авах дүрэм журмыг боловсронгуй болгох, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжихийн тулд малын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, худалдааны орчинг сайжруулах зэрэг арга хэмжээ багтлаа.
Хөгжлийн бодлогын санхүүжилтийн үйл ажиллагаа нь Засгийн газрын төсөвт бага өртөгтэй санхүүжилтийг олгохын зэрэгцээ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын тодорхой арга хэмжээг дэмжиж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн суурийг тавих юм.Бодлогын шинэчлэл нь ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах хөгжлийн тодорхой үр дүнг дэмжихэд чиглэсэн байна.
Эх сурвалж: Дэлхийн Банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар