Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-нд алга болсон  хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын Эрээн хотын хилээр нэвтрээгүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн албан бичиг иржээ. Манай улс тус хотод суугаа суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээлийг хүргүүлж, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг явуулах хүсэлтийг явуулсан юм.

Найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явахаар гэрээсээ гараад иргэж ирэлгүй 27 хонож буй. Хууль хүчний байгууллага охиныг эрэн хайх ажиллагааг орон даяар үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ сарын 26-27-ны өдөр Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг  Замын-Үүдэд ажиллажээ. Энэ хүрээнд  УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан ажлын хэсэгт  Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон холбогдох бусад албан тушаалтнууд багтаж, 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэйгээр нэгжлэг явуулжээ. Ингэхдээ тус сумын 1,2,3,4,5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалгасан байна. Мөн шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийжээ.

Охины аав Д.Дашдуламтай утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа. 

-Сайн байна уу.Охиныг тань хичээлдээ явахыг нь харсан нэг хүн байгаа гэсэн. Тэр хүнтэй уулзсан уу?

-Уулзсан. Манай хөрш байгаа юм. Хичээл рүүгээ явахдаа тэдний гэрийн урдуур өнгөрдөг юм. Хичээлдээ явж байхыг нь харсан гэсэн. Тэр өдрөөс хойш сураггүй байна

-Охиноо хайж байхад ямар нэгэн сэжүүр таамаг олдсон болов уу?

-Олдоогүй. Цагдаа хууль хүчний байгууллагатай хамтраад хайж байна. Охиноо л олчих юмсан гэсэн бодол байна. Өөр юу ч бодогдохгүй байна.

-Тухайн өдөр цагдаагийн байгууллагад хэдэн цагийн үед дуудлага өгсөн бэ?

-Цагдаагийн байгууллагад оройны 16:30 цагт дуудлага өгсөн. Би ээжтэй нь цуг Шанд руу явчихаад харих замдаа эгч рүү нь залгаад хоёр дүүгээ авсан уу гэж асуутал уйлаад гэртээ ирээгүй байна гэж хэлсэн.

-Та хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авдаг байсан уу?

-Янз бүр. Ажилтай үед өөрөө хичээлдээ явчихаад гэртээ ирдэг байсан. Завтай үедээ хичээлд нь хүргэж өгдөг байсан.Өдөр болгон гараас нь хөтлөөд хичээлд нь хүргэж өгдөггүй байсан минь үнэн.

-Хичээл нь орой хэдэн цагт тардаг байсан бэ?

– Орой 17:10 цагт тардаг. Хичээлээ тарсан үедээ заавал ээж аав руугаа залгадаг байсан. Тухайн өдөр өдөрийн 11:40 цагт хичээлдээ явахаасаа өмнө залгасан. Гэвч ээжийнх нь утас унтарчихсан. Би өөрийнхөө утсаар залгатал холбогдох боломжгүй болчихсон байсан. Тухайн үедээ  утасны цэнэг нь дуусчихсан юм байлгүй дээ гэхээс өөр бодол төрөөгүй.

-Охины талаарх янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Эрлийн ажиллагааг хаагуур үргэлжлүүлж байна?

-Ах нь өөрийнхөө хэмжээнд ах дүүс хамаатан садан найз нөхдийн хэмжээнд  хайж байна. Бас сайн дурын байгууллагынхан, цагдаагийн байгууллага хамтарч байгаа. Гэр, байраар ихэвчлэн хайсан. Замын-Үүдийг бүхэлд нь самнаж үзлээ. Хөдөө баруун хойшоо ч хайж үзлээ. Сураг нь гараагүй л байна.

Одоогоор  ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна.

Б.Яруу

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн