2017-11-28 13:191min012

АСЕМ-тай холбоотой 14.6 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв

acem

Үндэсний аудитын газараас Гадаад харилцааны яамыг АСЕМ-тай холбоотой хамгийн их хөрөнгө, мөнгө зарцуулсан газараар нэрлэв. Тус яамнаас АСЕМ-тай холбоотойгоор 2016 онд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар 14.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой зургаан зөрчил гарчээ. Үүнд,

  • Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт ‘АСЕМ’-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгсэлийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалдсан, 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна.
  • Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр ‘Нью Терравокс’ компанитай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай ‘Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ’ -г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна.
  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ээс 4787 ширхгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.
  • ‘АСЕМ’-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг Гадаад харилцааны яамны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг тус яамны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр Гадаад харилцааны яаманд ирүүлсэн чиглэлийн дагуу ‘АСЕМ’-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан зэрэг багтжээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг харьяа байгууллага хөрөнгө зарцуулалтаараа удаалжээ. Үндэсний аудитын газараас өнөөдөр (2017.11.28) дээрх асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд АСЕМ-ын зардалд хийх эрсдэлийн аудитыг эхлүүлж байгаа аж.