НҮБ-аас гаргасан Хүний эрхийн тухай тунхаг бичиг болон Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль амьдралд хэрэгжихгүй байгаа. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, баталгаат хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх эрх нь зөрчигдөж байхад төр засаг чих нь дүлий, нүд нь хаалттай байж болохгүй. Төрөөс иргэдийн төлөө төсөв хөрөнгө зарцууллаа гэсэн мэдээ явдаг ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна гэж Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал О.Нарантуяа хэлж байна.
Тиймээс тус холбоо Засгийн газар болон холбогдох яам, Нийслэлийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Хэрэглэгчид санал гомдол гаргасан ч хүлээн авах газар байхгүй, хүлээн авсан ч шийдвэрлэлт удаан байгаа. Тухайлбал орон сууцны метр квадратын үнэ өндөр байгаагаас иргэд орон сууц худалдан авах боломжгүй, инженерийн шугам сүлжээг албан ёсоор хүлээлгэж өгдөггүйгээс болж иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Мөн боловсрол, эрүүл мэнд, банк санхүүгийн салбарт хэрэглэгчдийг чирэгдүүлэх, хохироох, алагчлан үзэх улмаар авлигын сүлжээ үүсэх явдал газар авч байгаа гэх мэт асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдэлд дурдсан гэж байна.
Тус холбоо мөн мэдэгдэл гардуулсан төрийн байгууллагууд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, зайлшгүй мөрдөгдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж ажиллах, хэрэгжүүлэх шаардлагыг тавьж буй аж.