14 жилийн өмнө Халил Рафати орон гэргүй, дээрээс нь героин хэрэглэдэг мансуурагч байлаа. Үүнийхээ шанг ч хүртэж, турж эцсэн, хатаж хатингаршсан, яр шархандаа баригдсан нэгэн байв. Харин өнөөдөр энэ хүн саятан болжээ.
Халил Рафати бол SunLife Organics хэмээх нарлаг Малибу болон Лос-Анжелесийн зургаан цэгт орших шүүсний сүлжээ баарны эзэн. Дэвид Духовны, Red Hot Chili Peppers-ийн Энтони Кидис нарын орох дуртай энэхүү бааранд “Амьдралын рашаан”, “Аз жаргалтай” хэмээх ундаанд хүмүүс дугаарладаг гэхэд болно.
Өдгөө 46 настай тэрбээр ердөө л таван жилийн өмнө шүүс, эрүүл мэндийн ундааны эзэнт гүрнээ байгуулж, түүгээрээ өөрийгөө ч аварч чаджээ.
Халил Рафати анх Огайогийн Толидогоос Лос-Анжелест ирэхэд түүний мөрөөдөл, төлөвлөгөө нь биелэгдэх юм шиг санагджээ. Тэрээр хүүхэд насны таагүй дурсамж болох бэлгийн хүчирхийлэл зэргээсээ зугтаж, төрсөн гэрээсээ оргон энд ирсэн байна.
Лос-Анжелест тэрээр спорт автомашины эд анги нийлүүлэх, худалдах бизнесээ эхлүүлжээ. Ажил төрөл ч цэцэглэж байлаа. Гэхдээ энэхүү хууль ёсны бизнесийнхээ хажуугаар Рафати марихуан, сүүлд нь экстази, кетамин зэргийг нийлүүлдэг болжээ.
Нэг удаа тэр өөрөө героин амсаж үзсэн байна. Тэгтэл энэ хар тамхины үйлчилгээ түүнийг мөрөөдөж байсан хүүхэд насанд нь авчрав. Тиймээс тэр энэ ертөнцөд дахин дахин очихыг хүсч, татсаар байлаа.
Героинд амархан авсан Рафати нэг удаа тун хэтрүүлснээс бол эгээтэй л амиа алдчихаагүй юм. 2003 он гэхэд тэр байж болох хамгийн доод цэгтээ хүрч, Лос-Анжелесийн шоронд оржээ. Энэ үеэс л тэр өөрийгөө өөрчилж, өөртөө болон эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн байна. Найз нь түүнд эрүүл, тэжээллэг хоол хүнс, шүүс хийж болох юм гэсэн санааг өгчээ.
Рафатид тэрхүү эрүүл ундааны агшин зуурын үр дүн таалагдсан тул Ривьерийн сэргээн засах төвийн албан хаагч, өвчтөнүүдэд шүүсээ хийж өгөх санаа бодож олжээ. Энэ үеэс л түүнд алдарт ундааных нь жорууд мэндэлсэн байна. Удалгүй төвийн эмч, ажилчид, өвчтөнүүд төдийгүй гадны хүмүүс ч шүүсийг нь амсаж үзэхээр ирдэг болжээ.
“Миний шүүс өвчтөнүүдэд эрч хүч өгч, тэднийг сэргээдэг. Эрүүл амьдралын хэв маяг баримтлахыг оролдож байгаа хүмүүс, ялангуяа олон жил хар тамхи, архины хамааралтай байсан хүмүүс ноомой гөлгөр, эрч хүчгүй болсон байдаг” хэмээжээ.
Энэхүү гайхалтай шүүсний тухай яриа Малибу даяар тархахад л Рафати өөрийн гэсэн шүүсний баар нээх ёстойгоо ойлгосон байна. Ингээд 50 мянган доллартай, найзынхаа санхүүгийн дэмжлэгийг хүртсэн тэрээр мөрөөдлөө биелүүлжээ. Рафати эхний газраа нээхдээ зүгээр л хүмүүсийг “хайрлаж, эмчилж, урмыг нь сэргээх”-ийг хүсч байсан юм. Тиймээс ч энэ үгсээ сүлжээнийхээ ажилчдын дүрэмт хувцсан дээр бичжээ.
Түүний баар 32 төрлийн шүүм, уургийн шейк, смузи, түүнчлэн кофе, амттан, хөлдөөсөн йогурт зэргийг худалддаг. Рафати ажилчдаа сонгохдоо яг л 13 жилийн өмнөх өөр шиг нь хүмүүсийг авдаг байна.
1 comment
Мундаг юмаа..еерийгее ялж..