Хуурамч мөнгөн дэвсгэрт хэрэглэж гүйлгээнд оруулах, хуурамчаар үйлдсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хүрээ” ХААН банкны салбарт хуурамчаар үйлдсэн 20 мянгатын гурван ширхэг мөнгөн дэвсгэрт илэрчээ. ХААН банкны теллер эмэгтэй хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.
Мэдээллийн дагуу шалгахад үл таних иргэн хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Хэрэгт холбогдуулан тус гүйлгээ хийсэн теллерээс тайлбар мэдүүлэг авчээ. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа юм байна.