Манай улс өнгөрсөн 27 жилийн хугацаанд төгрөгийн ханшийг ам.долларын эсрэг хамгаалахын тулд төгрөгийн хүүг зориуд, зохиомлоор өндөрт барьж ирсэн. Үүнээс үүдэн эдийн засгийн суурь тэнцвэрүүд алдагдаж, төрөөс баримталж байгаа эдийн засгийн бодлого өнөөг хүртэл тодорхойгүй явж ирсэн нь зээлийн хүү өндөр байх үндсэн шалтгаан нь болж иржээ. Иймд төгрөгийн ханшийг ам.долларын эсрэг дархлаатай болгох цогц арга хэмжээг авахын зэрэгцээ мөнгөний зөв тэлэлт болон санхүүгийн захын реформыг хэрэгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээр зээлийн хүү буурах болно гэж судлаачид үзэж буй. Эрх баригчдын зүгээс зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоох асуудалыг УИХ-аар авч үзсэн. Уг асуудлаар холбогдох албан тушаалтнууд тал талын байр суурийг илэрхийлж, мэтгэлцэж эхлээд байна. Ингээд зээлийн хүүгийн талаар хэн юу хэлсэнийг хүргэе.
Монголын банкны холбооны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Хуримтлалыг дэмжих маягаар зээлийн нийлүүлэлтийг хангах шаардлагатай
Зээлийн хүү яагаад өндөр байгаагийн учир шалтгаантай тэмцэх ёстой. Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, түүний хэрэгжилт, хууль эрхзүйн байдал, улсын зээлжих зэрэглэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд өндөр байхад нөлөөлж буй. Түүнээс гадна бүтцийн хувьд нөлөөлөл бий. Монгол Улс эдийн засгийн хувьд хөгжиж байгаа залуу улс. Тиймээс зээлийн эрэлт өндөр байдаг ч эрэлтийг хангах хуримтлал маш бага байгаа. Эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг гол төлөв гадаадын зээлээр авдаг. Гадаад валютаар авахаар ханштай уялдуулахаар зээлийн хүү нь өндөр болдог. Гадаад валютын зээлийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргадаг. Ийм тогтолцоотой явж ирсэн учраас бүтцийг өөрчлөх, хуримтлалыг дэмжих маягаар зээлийн нийлүүлэлтийг хангах, эх үүсвэрийн нийлүүлэлтийг бий болгох шаардлагатай.
УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл: Зээлийн хүүг доогуур тогтоох орчныг нь банкуудад эхлээд бий болгож өг
Зээлийн хүүгийн хязгаарыг тавих бол банкны бизнесийн зээл гэхээсээ илүү хэрэглээний зээлэнд, ББСБ, ломбард зэрэг зээлийн үйлчилгээнд харгис шинж чанар байгаа бол түүнийг зохицуулахын тулд тавих хэрэгтэй.
Манай нөхцөлд цалин, тэтгэврийн зээлийг онцгой анхаарах шаардлагатай. Энэ нь 500 мянган хүний асуудал болж байгаа. Энэ хүмүүсийн зээлийн хүүг доогуур тогтоох орчныг нь банкуудад эхлээд бий болгож өг.
Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаа: Зээлийн хүү гэдэг бол зээлийн эрсдэлийн нөхөн төлбөр
Зээлийн хүү гэдэг бол нэг талдаа мөнгө зээлэх өртөг, нөгөө талдаа зээлийн үйлчилгээ болон зээлийн эрсдлийн нөхөн төлбөр юм.
Зах зээлийн зарчмаар үнэ тодорхойлогдож нөөцийн зохистой хуваарилалт хэрэгжих зайлшгүй нөхцөл нь шударга өрсөлдөөнтэй байх явдал юм. Тэгэхээр энэ зах зээл хэр өрсөлдөөндтэй байна гэдгээс хамаарч зохицуулалт явагдах учиртай. Хэрвээ монополь зах зээл байгаа бол үнийг хязгаарлах зохицуулалт хийх шаардлагатай. Манай орны хувьд эдийн засгийн дэг журмын бодлого тухайлбал, өрсөлдөөний бодлогыг сайжруулах үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага байна. Ингэж чадвал зах зээлийн механизм гацаж доголдохгүй ажиллаж ганц зээлийн хүү гэлтгүй олон асуудлыг шийдэх боломжтой.
Улаанбаатар хотын банкны хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргал:Зээлийн хүү 15 хувь болбол валютын ханш нэмэгдэх эрсдэлтэй
Монголбанкнаас зээлийн хүүг 15 хувь дээр барих ёстой гэсэн шийдвэр гаргалаа гэхэд валютын ханш магадгүй нэмэгдэх хандлагатай. Ийм эрсдэл үүснэ гэсэн үг.
Учир нь төгрөгийн хүүг бууруулчихаар үүнээс авах ашиг багасна. Энэ тохиолдолд төгрөгөө хөрвүүлэх хандлагатай юм. Өнгөрсөн оны жишээн дээр гэхэд л гадаад валютын ханш огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгор Монголбанкнаас бодлогын хүүг 15 хувь болгон өсгөж, ханшийг барьж эхэлсэн байдаг.
Б.Яруу