Цагдаагийн байгууллагаас барилгын гадна пасадны ажил гүйцэтгэх үеэр орон сууцны найман давхараас унаж амь насаа алдсан дөрвөн хүний хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Одоогоос 14 хоногийн өмнө гарсан энэ хэрэгт холбогдох ослыг харсан гэрчүүд болон дулаалга хийлгэж байсан айлын эзэд, тухайн байрны сууц өмчлөгчдийн холбооноос мэдүүлэг авч байгаа аж.
Харамсалтайгаар нас барсан дөрвөн иргэн нь тухайн өдөр ‘Кино үйлдвэр’-ийн баруун хойно байрлах 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийхээр эзэдтэй тохирсон аж. Мэргэжлийн хяналтын байгууллагын урьдчилсан дүгнэлтээр тэднийг хууль бусаар гадны дулаалгын ажил гүйцэтгэхдээ техникийн шаардлага хангаагүй гурван залгаас бүхий дүүжинт өргүүр ашигласан гэж үзжээ. Залгаасны боолт унасан учраас дүүжинт өргүүр дундуураа хуваагдсан байна. Энэ үед өргүүр дээр зогсон, цонхны гаднах амсрын шавар унагаж байсан гүйцэтгэгч өндрийн хамгаалах бүс хэрэглээгүй нь осолдож, амиа алдахад нөлөөлсөн аж. Уг нь өндөрт гарч хийх дулаалгын ажлыг хувь хүн, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэхдээ Барилгын хөгжлийн төвөөс тусгай зөвшөөрөл авах журамтай. Гэтэл энэ зөвшөөрлийг аваагүй байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Барилгын дулаалгын ажил гүйцэтгэж байгаад амиа алдсан дөрвөн иргэн 30-40 насныхан байсан бөгөөд тэдний гурав нь газар дээрээ нас барсан бол нэг нь ГССҮТ рүү хүргэгдэх замдаа амиа алдсан билээ. Сүүлийн хоёр жилд барилгын салбарт нэг дор дөрвөн хүн осолдсон хэрэг гараагүй аж.
2 comments
ер нь ийм дуулаалга байшинг муухай харагдуулж байна, ОСК
нийтлэлийнхээ гарчигийг зөв өгмөөр юм аа бичсэн сэтгүүлч нь амь насаа алдсан хүмүүс хэрэг хийсэн гэж байгаа юм шиг л байнав