АНУ, Мексикийн дурлалт хос хоёр орны хилийн зурвас дээр өвөрмөц хуримаа хийлээ. “Financiero” порталын дамжуулснаар хос Мексикийн Тихуана дүүрэгт “Итгэлийн хаалга” хэмээх нэртэй газар хуримласан гэнэ. Энэхүү “хаалга” нь хилийн хоёр талд амьдарч буй, ямар нэгэн шалтгаанаар бие биетэйгээ уулзаж чаддаггүй төрөл төрөгсдийг уулзуулахад зориулж, сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа нээгдэж байгаа юм.
Харин хоёр орны хилийн зурвас дээр хуримласан хосын сүйт бүсгүй нь Мексикийн иргэн Эвелия Рейес бол сүйт залуу нь АНУ-ын иргэн Брайан Хьюстон аж. Тэд хилийн нээлттэй хэсэг дээр хууль ёсоор гэрлэлтээ батлуулжээ. “Энэ бол хайр дурлалд хил хязгаар байдаггүйн нэг жишээ” хэмээн шинэхэн нөхөр Хьюстон мэдэгдсэн байна.
Рейес бичиг баримтгүйн улмаас АНУ-д орох боломжгүй байжээ. Харин одоо тэрбээр оршин суух эрх авах хүсэлт гаргах боломжтой болжээ. Тэгвэл АНУ-ын иргэн Хьюстон Мексикт визгүй зорчих боломжтой ч яагаад ингээгүйгээ тайлбарлахаас татгалзсан байна.
АНУ-ын гаалийн ажилтнууд 2013 оноос хойш нийт зургаан удаа “Итгэлийн хаалга”-ыг нээж байгаа юм. Хил дээр гэрлэсэн хосод хоёр улсын гаалийн ажилтнууд ихэд тусалжээ.