Гадны улсад төрийн сангийн зээлээр сурчихаад одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа “баахан” хүмүүсийн нэрийг Авлигатай тэмцэх газраас зарласан. Бид эдгээр хүмүүсийг гадаадад гарч, сураад, тэндээ шингэж, алга болсон гэж боддог байлаа. Гэвч зээлээ төлөөгүй ч эх орондоо ирж, энэ олон жилийн хугацаанд ажиллаж, хөдөлмөрлөж, улс төрийн тодорхой албан тушаал хашиж, одоо бүр улсыг удирдаж байгаа хүмүүс байна.
Б.Саранчимэгийн хувьд 2008 оноос эхлэн өдийг хүртэл төрийн удирдах албан тушаал эрхэлсэн. Харин А.Ундраагийн хувьд АНУ-д хэсэг хугацаанд ажиллаж байгаад эх орондоо ирж, намын дэргэдэх байгууллага болон Гадаад харилцааны яам, сайдын зөвлөх зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд төрөөс авсан зээлээ төлчих боломжтой албан тушаалууд эрхэлж байсан байна. Гэвч яагаад өдийг хүртэл өрөө төлсөнгүй вэ. Эсвэл бидний таньдаг хүмүүс биш юм болов уу. Ижил нэртэй хүмүүс байж болзошгүй учраас хоёр гишүүний албан ёсны намтарыг шүүж үзлээ.
А.Ундраа гишүүний хувьд 2002 онд АНУ-ын Хойд Каролинагийн Их сургуулийг төгссөн гэдэг нь үнэн байна. Тэгэхээр тэрээр яагаад өдийг хүртэл сургалтын төлбөрийн зээлээ төлөхгүй яваад байгаа шалтгаанаа өөрөө тайлбарлах биз.
Харин Б.Саранчимэг гишүүний албан ёсны танилцуулгад Гавайн Их сургуулийн талаарх мэдээлэл алга. 1993 онд ОХУ-ын Новосибирскийн Их сургуулийг төгссөнөөс хойш 2012 онд ШУТИС-д элсэх хүртэл 19 жил юу хийж байсан талаарх мэдээлэл алга. Эмэгтэй хүн учраас хүүхэд гаргаж, гэр бүлийн амьдрал зохиосон гэх зэрэг шалтгаануудыг дурдаж болох байх л даа.
Гэвч өөр нэг сайтад Б.Саранчимэг гишүүний боловсролын талаар буюу орхигдсон 19 жилийн хугацаанд АНУ-ын Гавайн Номхон далайн Их сургуульд сурч байсан тухай мэдээлэл байна. Гэхдээ зээлд хамрагдсан он нь 1999 боловч сурсан хугацаа нь 2004-2008 гэж намтарт бичигджээ. Магадгүй Б.Саранчимэг гишүүний хувьд зээлдээ хамрагдсан ч хугацаагаа хойшлуулж, 2004 онд сургуульдаа явсан ч байж болох л юм. Ёстой нөгөө гэр бүлийн асуудлаас болоод шүү дээ. Гэвч албан ёсны намтар дээрээ мэдээллээ яагаад дутуу оруулах болов? Эсвэл нэгэн цагт төрийн сангийн зээлээ төл гээд мэдэгдэл гарч магадгүй гэж сэрэмжилсэн учраас Гавайн Их сургууль дахь дөрвөн жилийн хугацаагаа намтраасаа хасахыг хүссэн үү
Ямартай ч хоёр гишүүн АТГ-аас мэдээлсэн албан ёсны мэдээллийг дагуу сурсан сургууль, авсан зээл, төлсөн төлбөрийнхөө талаар тайлбар хийх шаардлагатай болж байна. Хямарсан эдийн засагтай энэ хүнд үед ядаж гишүүд нь зээлээ төлчихдөг баймаар байна шүү дээ.
Эх сурвалж undesten.mn