Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн ирэх амралтын энэ сарын 18-19-нд ОХУ-ын Владикавказ хотод болно. Хойд Осетийн нийслэлд манай улсаас “Хасу-Мегастарс” клубийн хоёр тамирчин зодоглохоор өчигдөр эх орноосоо морджээ.
Тодруулбал, 61 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ болон Монгол Улсын хошой аварга ОУХМ Батсайханы Нэмэхбаяр, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат хүч үзэх юм.
ОХУ, Гүрж, Украин, Казахстан, Беларусь, Армен, Монгол, Словак, Герман, Турк, Болгар гэсэн 11 орны бөхчүүд оролцох тэмцээний нийт шагналын сан 80 мянган ам.доллар бөгөөд жин тус бүрийн аварга 5000, мөнгө 2000, хүрэл медальтан 1000 “ногоон”-ы шагнал хүртэх юм байна.