Өнөө өглөө 04:02 цагт Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хоёр иргэн амиа алджээ. Ослын газарт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай ажилласан байна. Тус уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нуралт үүссэн байжээ. Аврагчид амиа алдсан иргэдийн цогцсыг гаргахаар ажиллаж буй ч уурхайд нуралт үүсч, өөрсдөө даруулах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа аж. Тиймээс нуралт үүсээд буй тухайн эргэлтийн хэсэгт бэхэлгээ хийж, цогцсуудыг гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Осолдсон иргэд 28-47 насны хоёр эрэгтэй байсан бөгөөд Налайх дүүргийн иргэд байсан гэнэ. Одоогийн байдлаар ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын шинжээчид ажиллаж байна.