Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Ян дү Плесси ажлаа хүлээлгэн өгөхөөр болсныг өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ. Тэрбээр ирэх оны дөрөвдүгээр сард болох “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигчдийн ерөнхий хурлаар албан тушаалаа албан ёсоор хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа юм.
Одоогийн байдлаар “Рио Тинто” компанийн шинэ ТУЗ-ийн даргын албан тушаалыг залгамжлах чадварлаг хүнийг хайж олох ажлын хэсгийг тус компанийн ТУЗ-ийн гишүүн Энн Годбигир ахалж байгаа юм байна. Уг албан тушаалд хуучин “Экстрата” компанийн захирал асан Мик Дэвис томилогдож магадгүй тухай mining.com хэвлэлд өгүүлжээ. Мөн боломжит нэр дэвшигчдийн дунд “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн хоёр ч гишүүн болох Сэм Лэйдло, Саймон Томпсон нар багтаж байна. Шинэ ТУЗ-ийн даргын нэрийг оны сүүлээр зарлахаар товложээ.
Ажлаа хүлээлгэн өгч буй Ян дү Плессийн хувьд “Рио Тинто” компанийг 2009 оноос хойш найман жилийн хугацаанд даргалж байгаа юм. Түүний хувьд Британийн харилцаа холбооны томоохон компани BT группийн ТУЗ-ийн даргын албан тушаалд томилогдож байгаа юм. “Рио Тинто” компанийн хувьд өнгөрсөн онд гүйцэтгэх захирлаа сольж байсан бол одоо ТУЗ-ийн даргаараа шинэ хүн томилох гэж байна.
Эх сурвалж: Mongolian Mining Journal