Бразилийн Носа-Сеньора-Апаресид мужийн цагдаагийн газар нэгэн морийг шоронд хорьжээ. Энэхүү морийг эзнийхээ найзтай зугаалж явахдаа бусдын эд зүйлсэд хохирол учруулсан гэж буруутгасан байна. Учир нь уг морь зогсоол дээр тавьсан автомашин руу дайрсан ажээ.
Морийг шоронд хорихыг машины эзэн эмэгтэй шаардсан байна. Ингэх нь хохирлоо хурдан төлүүлэхэд тустай гэж үзжээ. Харин морины эзэн Уильям Сантуш энэ хэргийг сонсмогцоо цагдаагийн газарт яаралтай ирсэн байна. Гэвч хайртай моринд нь ойртуулаагүй төдийгүй авчирсан хоолыг нь ч өгөөгүй гэнэ. “Цагдаагийн газарт ирээд би морио шоронгийн камерт хориотой байхыг мэдсэн. Яг л энгийн гэмт хэрэгтэн шиг. Үүнээс гадна моринд маань өвс, ус ч өгөөгүй, жижигхэн өрөөнд арайхийн хөдөлж байсан” гэж эзэн нь гомдолложээ.
Морь шоронд нэг хоног орчим байсан байна. Харин машины эзэнд нөхөн төлбөрийг нь барагдуулсны дараа амьтныг суллажээ. Морийг баривчилсан цагдаа нар түүнд харгис хэрцгий хандаагүй гэж өчиж байна.
Энэ хэргийг сонссон цагдаагийн дарга “Мэдээж, морь баривчилна гэдэг хэвийн зүйл биш. Бид энэ хэргийг тодруулах болно” гэж амлажээ.