Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг 2016 оны зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн билээ. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох салбарын яамд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлсээр байгаа юм байна.
2020 он хүртэл үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, тэдний гэр бүл, эрх ашгийг хамгаалах, төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг хүргэж буй мэргэжилтэн боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Ийнхүү төлөвлөгөөнийхөө дагуу уг төслийг хэрэгжүүлэгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн хамт төр захиргааны “Хангарди” ордонд байрлах төрийн байгууллагын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Уг семинарын хүрээнд тэд байгууллагын гаднах тайлбай, угтах үйлчилгээнээс эхлээд бүх үйл ажиллагаанд дүгнэлт хийж, үнэлгээ өгсөнийхөө дараа холбогдох удирдлагад шаардлага хүргүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хүртээмжийг дээшлүүлэхээр зорьж байгаа аж.
Японы эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор, дэд бүтцийн хүртээмж, саадгүй орчныг бүрдүүлэх чиглэлийн мэргэжилтэн Katsushi Satoh “”Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд энэ удаагийн семинарыг зохион байгуулахаар ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэхийн тулд биет саад бэрхшээлийг арилгах нь хамгийн чухал юм. Энэ утгаараа Японы төр захиргааны байгууллагууд энгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан орчныг тохижуулж, сайжруулахаар төрөл бүрийн арга хэмжээг маш идэвхтэйгээр зохион байгуулдаг. Уг семинараараа Японд явуулж буй дэд бүтцийн үнэлгээг Монгол Улсад мөн адил хийж, цаашид энэ ажлыг тогтворжуулах зорилготой байгаа.
Орон нутгийн Засаг захиргаа ялангуяа хотын захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, хуучин барилгын засварыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр хийж, шинээр барьж буй барилгыг стандартын дагуу барих талд анхаарах хэрэгтэй” гэлээ. Монгол Улсын хэмжээнд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн ерөнхий тоо байдаг. Харин дээрх төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгааг хийж, эдгээр иргэдтэй холбоотой мэдээллийн санг бүрдүүлэхээр болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан тоо бүртгэл, мэдээлэл гараад ирвэл тэдний хэд нь эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу вэ, хэдэн хувь нь ямар мэргэжлээр суралцаж, аль салбарт ажиллах хүсэлтэй байна вэ гэдгийг тодорхойлох юм. Энэ нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжиж, нэмэгдүүлэхэд дөхөм болно гэж төсөл хэрэгжүүлэгчид тооцоолжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.