Цагдаагийн байгууллага Замын-Үүд суманд сураггүй болсон найман настай охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжүүлэх явцад хэд хоногийн өмнө 13 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон. Амиа алдсан хүүгийн цогцос “Төмөр замын гудамж” гэх газрын орчмоос олдсон бөгөөд сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангид сурдаг байжээ. Олон нийт хүүг бусдад хорлуулж амиа алдсан байж болзошгүй хэмээн таамаглаж байсан юм.
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний эмнэлэг хүүгийн биед задлан хийж, үхлийн шалтгааныг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар, талийгаач нь “газ” үнэртэж, мансууран нас барсан нь тогтоогджээ. Энэ хэргийг Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд хамгийн сүүлд талийгаачтай уулзсан хүмүүсийг дуудаж мэдүүлэг авч байгаа аж.