“Мехико-1968” олимпийн наадмын мөнгө, 1967 оны ДАШТ-ий анхны хүрэл медальт, 1973 оны Азийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний дархан аварга Жигжидийн Мөнхбат 1967 оны арваннэгдүгээр сарын 14-ний энэ өдөр буюу одоогоос 50 жилийн өмнө Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын чөлөөт бөхийн тамирчдаас анхны хүрэл медаль хүртсэн түүхэн өдөр юм.
Хагас зууны тэртээ Шинэ Делид 87 кг-ын жинд барилдсан Ж.Мөнхбат чөлөөт бөх төдийгүй Монголын бөхийн спортын түүхэнд ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсан билээ. Түүний жинд ЗХУ-ын Борис Гуревич алт, Румыны Бола Францис мөнгөн медаль хүртэж байв. Делигийн дэвжээнд Ж.Мөнхбат хүрэл, Б.Сүхбаатар, Б.Намжим нар тав, Ө.Эрдэнэ-Очир шагналт зургадугаар байрыг эзэлж, манай улс таван оноотой багийн дүнгээр наймдугаар байрт орж байсан түүхтэй. “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх”-ийн нэг, алдарт Мөөеө аваргын анхны хүрэл медаль булган сүүлтэй байж, Монголын чөлөөт бөхийн тамирчид 50 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медаль хүртээд байна.