Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзлаа.
Тэд салбарын сайддаа багш нар болон сургуульд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг шийдүүлэхээр хандсан юм. Мэргэжлийн боловсролын салбарт нийт 83 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрээс 38 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт 1,496 багштай.
Төрийн, хувийн аль ч сургуулийн багш нарт адилхан тохиолдож буй нэг зовлон нь кредитэд тооцох цагийг сургалтын онцлогийг үл харгалзан 45 болгож нэмэгдүүлсэн журам юм байна. Ингэснээр багш нарын ачаалал нэмэгдэж, сургалтын чанараас илүү кредитээ нөхөхөд анхаарахаас аргагүйд хүрч буйгаа багш нар ярьсан. Дээр нь сүүлийн жилд мэргэжлийн боловсролын сургуульд элсэлт буурч, зарим мэргэжлээр нэг ч хүн сурахаар ирээгүйгээс багш нарын заах хичээлийн цаг цөөрч, ажилгүй болоход хүрч байгаа.
Нэгэнт хичээлийн цаг нь журмаар заасан кредитдээ хүрч чадахгүй бол дутууг нь цалин, амралтын мөнгөнөөсөө буцааж төлдөг зэргээр цалин нэмэхээс наана шийдэж шийдвэрлэж өгөхөөс аргагүй асуудлууд байгааг анхааралдаа авахыг тэд сайдаас хүслээ.
Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын хувьд цалингаа нэмүүлэхээр ажил хаяж байгаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг дэмжиж буй ч мэргэжил эзэмшиж амьдралтайгаа золгох их итгэлээр тэднийг зорин ирсэн шавь нараа бодоод энэ ажиллагаанд оролцох боломжгүй байгаагаа ч сайдад дуулгасан. Мөн багш нар МСҮТ-д суралцагчдад төрөөс олгож байсан тэтгэлэг хүүхдүүдэд ч, сургуульд ч хэрэгтэй байсан хэмээгээд үүнийг сэргээх боломж бий эсэхийг сайдаас тодрууллаа.
С.Чинзориг сайд багш нарын тавьсан саналыг анхааралтай сонсч эхний ээлжинд кредит цагийн журмыг өөрчлөх ажлыг нэн яаралтай эхлүүлэх ёстой хэмээгээд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон багш нарын төлөөллийг багтаасан хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудлыг шийдэхээр боллоо. Мөн Засгийн газраас төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр авч буй арга хэмжээний талаар багш нарт дэлгэрэнгүй тайлбарлаж, мэргэжлийн боловсролын салбарт цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээнийхээ талаар багш нартай санал солилцсон юм.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам