Баргийн шоуг үнэн гэж харахгүй болтол туршлагажсан сонгогчидтой Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Өөрийгөө олны анхааралд аваачиж тавих хүслээр өвчилсөн улстөрчдөөс энэ хавар харин чамгүй ур ухаан шаардах нь бололтой. Цаг үеэ даган тодрох улстөрчдийн авьяас ойрын өдрүүдэд янз янзаар л илэрч эхлэв.
Дөнгөж сая Н.Алтанхуяг эмнэлэгт хүргэгдлээ гэсэн мэдээ онлайнд орж ирсэн байна. Эх сурвалж нь энэ талаар мэдээлэхдээ “Ардчилсан намын бүх шатны дотоод сонгууль болох тухай яригдаж байгаатай зэрэгцэн Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эмнэлэгт хүргэгдэв. Зарим нь үүнийг улс төртэй ч холбож байна” гэх зэргээр тодотгожээ.
Ерөнхий сайд байхдаа Бурхан халдун ууланд хүртэл төөрч хоноглож, хал үзсэн Н.Алтанхуяг үнэн хэрэгтээ өнгөрсөн долоо хоногт Богд ууланд алхаж яваад хөлөө гэмтээсэн. Эмнэлэгт хэвтээд долоо хонож байгаа юм байна. Улстөрчид санаатай, санаандгүй үйл явдлыг хооронд нь нийлүүлж, “юмханаар юм хийчихдэг” гэмтэй. Гэхдээ Н.Алтанхуяг даргад арай ч ууланд алхаад унаснаа улс төртэй холбон тодрох мэргэн санаа төрөөгүй байх. Дамжуулагч нь л түүнийг чимхсэн болов уу.