Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 19-нд тохиож буй. Энэ өдөр төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд олгодог уламжлалтай. Хэн гэдэг эрхэм эл хүндэт шагналын эзнээр тодрохыг ирэх лхагва гаригт олон нийтэд ил болгох юм байна.
Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт 10 хүн шагнагджээ. Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” өдрөөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ.