Хүйтний эрч чангарсан боловч томоохон гол нууруудын ус бүрэн мөстөөгүй болохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Бургастай” хэмээх газар “Зүүнтуруун” голын мөс цөмөрч иргэн С-ийн 69-76 УВХ улсын дугаартай “Хьюндэй Грэсс” загварын ачааны автомашин, иргэн Э-гийн 55-69 УВА улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашин голын усанд осолджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 5 алба хаагч, нэг автомашинтай өдөржин ажиллаж автомашинуудыг татан гаргажээ. Золоор хүний амь нас эрсдээгүй байна. Иймд баталгаатай зам гүүрээр зорчихыг анхаарууллаа.