АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Жон Бреннан CNN сувгийн эфирт өгсөн ярилцлагадаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн төрийн тэргүүн Дональд Трампыг айлгасан байж болзошгүй гэжээ.
Студид Трамп, Путины Вьетнамд хийсэн уулзалтын талаар маргаан өрнөсөн байна. Энэ үеэр Бреннан Путиныг Америкийн төрийн тэргүүний бялдуучилдаг сул талыг ашигласан байж магадгүй гэсэн байна. Түүнээс гадна Трамп Оросын Ерөнхийлөгчид түүний нэр төрийг гутаах мэдээлэл байгаа болов уу гэж болгоомжилсон гэжээ. “Трамп ямар нэгэн шалтгаанаар Путинээс эмээсэн байх. Трампын оросуудтай харилцахдаа хийсэн үйлдэл эсвэл гэнэн итгэмтгий байдал, эсвэл бүдүүлэг зан, эсвэл айдас байх магадлалтай” хэмээн Бреннан мэдэгджээ. “Хятадууд, оросууд Трампыг өөрсдийнхөө зорилгод ашиглаж болох нь гэж бодсон гэж үзэж байна” хэмээжээ.
Путин, Трамп нар Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан билээ. Тэдний уулзалтын дараа Трамп Путинээс Москва 2016 онд Америкийн сонгуульд оролцсон уу гэж асуусан гэнэ. Трампын хэлснээр Путин сонгуулийн өмнөх үйл явцад Оросын талаас нөлөөлсөн зүйл байхгүй гэсэн гэнэ. Сонгуульд оролцсон гэх мөрдлөг шалгалт хоёр орны харилцааг сайжруулахад саад болж байгаа тухай Оросын төрийн тэргүүн хэлсэн гэжээ.