Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс жил бүр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, үр дүнг олон нийтэд хүргэж, сурталчлан таниулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд тус өдөрлөгийг өнөөдөр (2017.11.10) 10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр, Түүх, археологийн хүрээлэнд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын судалгаа шинжилгээний үйл ажиллагаатай танилцах боломжтой бөгөөд эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнтэй танилцаж болох юм.
Өдөрлөгийн эхэнд академич Ж.Болдбаатар “Түүх судлахын учир, ач холбогдол”, доктор, профессор Г.Цэрэнханд “Монголын угсаатны зүйн хөгжил”, доктор, профессор Ц.Төрбат “Археологийн судалгаа-2017” сэдвүүдээр илтгэл тавина.
Түүнчлэн манай археологичид хамгийн сүүлийн үеийн малтлагаар илрүүлсэн ховор олдворын дээжсээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлэх аж. Мөн энэ үеэр тус хүрээлэнгийн Баримт мэдээллийн төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор баримтат кинонуудаас үзүүлэх юм.
Монголынхоо түүх, археологийн баялаг өвийг сонирхон судалдаг хүн бүхэнд энэхүү өдөрлөг нээлттэй аж.