Дэлхийд

Техасын алуурчин бурханд итгэдэг хүмүүсийг тэнэг гэж нэрлэдэг байжээ

АНУ-д дахин олон хүнийг аминд хүрсэн том халдлага боллоо. Техас мужийн Сазерлэнд-Спрингс хэмээх нэгэн жижигхэн хотод нэгэн эр мөргөлчдөөр дүүрсэн баптист сүмд орж, автомат буугаар гал нээжээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр уг буудалцааны улмаас 27 хүн газар дээрээ амиа алдаж, 30 орчим хүн шархаджээ. Харин буудалцаан үйлдсэн этгээд, түүний зорилгын талаарх мэдээлэл тун бага байна. Юутай ч тэрбээр хөрш хотод нь амьдардаг, 26 настай Дэвин Патрик Келли гэгч байсан бөгөөд Агаарын цэргийн хүчинд алба хааж байсан гэсэн мэдээллийг Америкийн хэвлэлүүд өгч байна. Зарим мэдээллээс үзэхэд тэрээр радикал, эсвэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүлэглэлийн гишүүн байх магадлалтай гэнэ.

Аймшигт хэрэг хойд Уилсон тойргийн Сазерлэнд-Спрингс хэмээх 400-хан хүнтэй бяцхан хотод гарсан байна. Орон нутгийн цагаар 11:30 цагийн үед хотын баптист сүмд ням гарагийн уламжлалт мөргөл эхлэх үед буун дуу гарсан байна. Сүмийн замын эсрэг талд орших шатахуун түгээх станцын кассчины хэлснээр тэрбээр 20 орчим буудлага дараалан гарахыг сонссон гэнэ. Гэрчүүдийн ярьснаар баг өмссөн энэ эр сүмийн босгоноос эхлэн галаар шүршиж, дотогш орж ирсэн аж.

Бас нэлээд хэдэн гэрчийн ярьснаар удалгүй сүмээр зэвсэгтэй этгээд гүйн гарч, “Ford Explorer” хэмээх мөнгөлөг жийпэнд суугаад хойд зүг рүү зугтсан байна. Цагдаа нар түүнийг хөрш Гваделупа тойрогт өөрийгөө буудсан байдалтай байхад нь олжээ. Гэхдээ бусад хүмүүсийн баталснаар халдлага үйлдсэн этгээдийг сүмд байхад нь цагдаа шууд буудсан гэжээ. Түүнчлэн гэмт хэрэгтэн эхлээд мөргөлчдийг буудсанаа дараа нь өөрийгөө буудсан гэнэ.

Хамгийн сүүлчийн мэдээллээр энэхүү цуст буудалцааны улмаас 27 хүн амиа алдсан байна. Тэдний дунд хоёр настай хүүхэд ч байгаа аж. Түүнчлэн 30 орчим хүн шархадсаны дотор хүүхдүүд нэлээд хэд байна. Хамгийн хүнд шархтай хүмүүсийг ойролцоох эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэжээ. Шархадсан хүмүүсийг хөрш Флоресвилл хотын Коннали дурсгалын анагаахын төвд болон Сан-Антониогийн их сургуулийн эмнэлэгт хүргэжээ.

Ами алдагсдын дотор сүмийн пасторын 14 настай охин Аннабель Рени Померой байжээ. Пасторын эхнэр Шерри Померойн хэлснээр түүний нөхөр, пастор Франк Померой буудалцаан болох үед сүмдээ байгаагүй гэнэ. Тэрбээр хотоос хэдэн километрийн зайд гарч, охин нь үлджээ.

Бяцхан хотын иргэдийн хувьд энэ бол маш том уй гашуу юм. Учир нь эндхийн айл болгоноос хэн нэгэн нь амиа алдаад байгаа аж. Удалгүй сүмийн дэргэд нутгийн иргэд цугларч, ойр дотны хүмүүсийнхээ тухай аймшигтай мэдээг сонсчээ.

Тус хотын хөрш Сан-Антониод Холбооны мөрдөх товчооны салбар байдаг. Гэхдээ мөрдөгчид одоогоор зөвхөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохоор ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байна. Тэд өдгөө юуны учир аллага үйлдсэн болохыг тогтоох, түүнчлэн гэмт этгээд ганцаараа байсан уу, эсвэл дамжуулагч байсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Анхандаа хотын иргэд олон нийтийн сүлжээндээ буудалцаан үйлдсэн этгээдийг нутгийн иргэн Крис Уорд байж магадгүй гэж мэдээлж байв. Тэдний хэлснээр энэ өдөр түүний хуримын ой болж байсан гэнэ. Урьдчилсан мэдээнд түүнийг эхлээд эхнэрээ хөнөөгөөд, дараа нь бусад мөргөлчдийг буудсан гэж үзжээ. Гэхдээ өөр нэгэн мэдээлэл Крис Уордыг буудалцаан үйлдээгүй, шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэжээ.

Үүнээс удалгүй CBS суваг алуурчны нэрийг зарласан юм. Энэ бол 26 настай Дэвин Патрик Келли гэгч аж. Сан-Антониогийн дагуул хот болох Нью-Браунфелс хэмээх хотод амьдардаг бөгөөд “Фэйсбүүк” аккаунтаа устгасан аж. Гэхдээ устгахаасаа өмнө автомат бууны зураг тавьж байжээ. Мужийн цагдаагийн газраас түүний гэрт нэгжлэг хийснээ зарласан байна. Түүний хадам эх Сазерлэндэд амьдардаг аж.

Тэрээр “Линкедин” сүлжээнд Агаарын цэргийн хүчинд алба хааж байсан, Христийн зуны сургуульд сурч байснаа мэдээлжээ. Харин түүнийг дунд сургуульд байхаас нь мэддэг Нина Роуз Нава “Тэр бурхан итгэдэг бүх хүнийг тэнэг гэж нэрлэдэг байсан. Хүмүүстэй санаа нэгддэггүй нөхөр байсан. Келли ангийнхаа ихэнх хүүхэдтэй харьцдаггүй ч ганцаардмал хүн биш байсан. Бусад санаа нэгддэггүй хүүхдүүдийнхээ дунд их алдартай” гэж мэдэгджээ.

Ерөнхийдөө сүмд болсон буудалцаан нь АНУ дотор радикал бүлгүүд идэвхжиж байгаатай холбоотой байж болзошгүй. Учир нь аймшигт явдал болохоос 24 цагийн өмнө олон нийтийн сүлжээгээр бүгдэд хандаж байгаа мэт, хэнд ч хаяглагдаагүй сүрдүүлэг таржээ. Тодорхой хүмүүст хандаагүй сүрдүүлэг, халдлага үйлдсэн этгээд сүмд замдаа таарсан бүх хүнийг буудсан зэрэг нь үнэхээр эмх замбараагүй, шалгахад төвөгтэй байдлыг үүсгэж буй юм.

Олон нийтийн сүлжээнд цацагдсан сүрдүүлэг шүлгэн хэлбэртэй бөгөөд дараах агуулгатай байжээ. “Арваннэгдүгээр сарын 4 Америк улс худал хуурмагаас гарах өдөр байх болно. Нүүр тулан уулзах нь, та бүхэн амьгүй бие болон хувирах нь хэчнээн таатай вэ. Эрхэм танд би хандаж байна. Эргээд би удахгүй үхнэ” гэжээ.

Уг илгээлтэд “Эхний буун дуу маргааш гарах болно. Тэр үед тэвчээртэйхэн, болгоомжтойхон байгтун” гэжээ. Үүний дараа мөр бүрийн эхний үсгийг дахин уншихыг хүссэн байна. Эдгээр үсгийг холбоод уншихад “Холбооны мөрдөх товчоо өдөөн хатгалгад бэлтгэж байна” гэсэн үг гарч иржээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өдгөө Азийн орнуудад айлчлал хийж буй юм. Тэрбээр Ази тивээс Сазерлэнд-Спрингст мөргөлчдийг хөнөөсөн хэрэгт ажиглалт хийнэ гэжээ. “Бурхан Техас мужийн Сазерлэнд-Спрингсийн ард түмэнтэйгээ хамт байх болтугай. Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчид болон хууль сахиулах байгууллагынхан хэргийн газарт ажиллаж байгаа. Би нөхцөл байдлыг Японоос ажиглаж байна” хэмээн Трамп олон нийтийн сүлжээндээ мэдээлжээ.

460D4BAB00000578-5052163-The_shooting_took_place_at_the_churchl_which_is_located_about_30-a-108_1509916450896 Техасын алуурчин бурханд итгэдэг хүмүүсийг тэнэг гэж нэрлэдэг байжээ

460D9E6000000578-5052163-Wilson_County_Commissioner_Albert_Gamez_Jr_said_at_least_27_peop-a-112_1509916450996 Техасын алуурчин бурханд итгэдэг хүмүүсийг тэнэг гэж нэрлэдэг байжээ

460E3B6E00000578-5052163-Kelley_who_was_reportedly_married_had_recently_posted_a_photo_of-m-13_1509923369062 Техасын алуурчин бурханд итгэдэг хүмүүсийг тэнэг гэж нэрлэдэг байжээ

460E8E7B00000578-5052163-image-a-41_1509932839907 Техасын алуурчин бурханд итгэдэг хүмүүсийг тэнэг гэж нэрлэдэг байжээ

460EA81600000578-5052163-Kelley_pictured_26_of_New_Braunfels_a_suburb_of_San_Antonio_fled-m-98_1509939766231 Техасын алуурчин бурханд итгэдэг хүмүүсийг тэнэг гэж нэрлэдэг байжээ

460EF5CA00000578-5052163-image-a-56_1509933890470 Техасын алуурчин бурханд итгэдэг хүмүүсийг тэнэг гэж нэрлэдэг байжээ

460F0F6B00000578-5052163-image-a-78_1509934904701 Техасын алуурчин бурханд итгэдэг хүмүүсийг тэнэг гэж нэрлэдэг байжээ

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close