АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азид 12 хоног хийх айлчлалынхаа хүрээнд Япон улсад хүрэлцэн ирлээ. Энэ бол Америкийн Ерөнхийлөгчийн сүүлийн 25 жилд Азийн орнуудаар хийж буй хамгийн урт аялал юм. Айлчлал Хойд Сологостой харилцаа тун хүнд үед болж байна Трампын хувьд Өмнөд Солонгос, Японыг дэмжиж, Хятадыг Пхеньянд илүү хатуу бодлого баримтлахыг уриалах төлөвтэййй байгаа аж. Ерөнхийлөгч Трамп онгоцонд сэтгүүлчидтэй ярилцахда аяллынхаа үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах бодолтой байна гэж мэдэгджээ. “Би Путинтэй уулзахаар төлөвлөгөөтэй байна. Бид Хойд Солонгосын асуудлаар Путинээс тусламж хүснэ” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Ерөнхийлөгч Трамп ням гарагийн өглөө Токиогоос баруун тийш Америкийн цэргийн баазад хүрэлцэн иржээ. Тэрбээр америк цэргүүддээ хандаж үг хэлэх үеэрээ “Нэг ч дарангуйлагч, нэг ч дэглэм, хэнбугай ч америкчуудын шийдэмгий занг дутуу үнэлэх ёсгүй” хэмээн мэдэгдсэн байна. Өчигдөр тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаад, дараа нь хоёр орны тэргүүд гольф тоглохоор төлөвлөөд байлаа.
Ерөнхийлөгч Трамп Япон явах замдаа Америкийн Хавай мужид түр саатаж, Перл-Харборын дурсгалын цогцолборт айлчилжээ. Энд Америкийн тэнгисийн цэргийн бааз руу 1941 онд япончууд халдсанаас болж 2000 гаруй тэнгисийн цэрэг амиа алдсан юм.
Түүнчлэн тэрбээр айлчлал хийхээсээ өмнө Хойд Солонгосыг пуужингийн болон цөмийн туршилтаа эрчимжүүлснийг эрс буруушаасан мэдэгдэл хийсэн билээ. Гэхдээ Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн туслахууд Хойд, Өмнөд Солонгосын зэвсэггүй бүсэд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч тэрбээр Сөүлээс өмнө зүгт орших Кэмп-Хамфрис АНУ-ын цэргийн цогцолборт айлчилна.
Мөн Трамп Вьетнамын Данангт Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож, Ханойд албан ёсны айлчлал хийнэ. Аяллын төгсгөлд буюу арваннэгдүгээр сарын 13-нд АНУ-ын Ерөнхийлөгч Филиппиний нийслэл Манила хотод болох Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцох ёстой. Гэхдээ Трамп Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохын тулд дахиад нэг хоног саатах юм байна. Америкийн Ерөнхийлөгчдөөс ийм урт хэмжээний айлчлал хийж байсан хамгийн сүүлийн тохиолдол нь 1991 оны сүүлчээр том Жорж Бушийн айлчлал билээ.