Саудын Арабт дөнгөж өчигдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн Авлигатай тэмцэх хороо 11 ханхүү, дөрвөн сайд, 10 гаруй сайд асныг баривчлан саатууллаа. Одоохондоо тэдний нэрийг зарлаагүй бөгөөд юунд сэжиглэж байгаа нь тодорхой бус байна. Үүнээс гадна тус хороо 2009 онд Жиддэд болсон үер, 2012 онд болсон Mers коронавирусын дэгдэлтийг сэргээн шалгахаар болсноо зарласан тухай Саудын Арабын Аль-Арабия суваг мэдээллээ.
Авлигын эсрэг шинэ газрыг угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бин Салман толгойлж байгаа аж. Саудын Арабын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр тус хороо нь баривчилгаа явуулах, түүнчлэн улс орноосоо гарах хориг тавих эрхтэй гэнэ.
Мухаммед бин Салман нь өнгөрсөн зун угсаа залгамжлагч болсон. Гэсэн ч өдгөө Саудын Арабын хамгийн нөлөө бүхий хүнд тооцогдож байна. Ийнхүү улс төрийн том цэвэрлэгээ хийж байгаа нь засаглалаа бэхжүүлж, төлөвлөж буй шинэчлэлээ явуулахад тустай гэж гадны шинжээчид үзэж байна. Гэхдээ нөлөө бүхий нэлээд олон хүнийг засгийн эрхээс түлхэн унагасан нь консервативуудын дургүйцлийг төрүүлж болзошгүй байгаа аж. Саудын Арабын нийгэм ийм эрс өөрчлөлтөд огт дасаагүй гэхэд болно.
Э.ЗАЯА