Испанийн Засгийн газрын тараасан Каталонийн парламент тэр шийдвэрийг хүлээн зөвшөөрч, ээлжит бус сонгууль хүртэл ажиллагааг зогсоолоо гэж хууль тогтоох байгууллагын хэвлэлийн алба зарлав. Мягмар гаригт (2017.11.07) зарлагдсан парламентын дээд зөвлөлийн хуралдаан болохгүй. Бүс нутгийн тусгаар тогтнолын тухай тунхагт санал өгсөн “Каталонийн зүүний бүгд найрамдахчууд” Ерөнхий сайд Марионо Рахойд ээлжит бус сонгууль явуулах эрх байгаагүй гэв. Гэхдээ тэд сонгуульд оролцохоо мэдэгдлээ.
Аравдугаар сарын 27-ны баасан гаригт Каталонийн парламент Испаниас тусгаарласан тусгаар тогтнолоо зарласан юм. Испанийн Ерөнхий прокурор Хосе Мануэль Маза Каталонийн тэргүүн асаны эсрэг самуун дэгдээхийг уриалсан гэх ялыг төлөвлөв. Мөн түүний хэд хэдэн хамтран зүтгэгчид бас ийм яланд тулгагдлаа гэж La Vanguardia сонин мэдээлжээ.
Маза мөн тэднийг хорин саатуулах хүртэл арга хэмжээ авах саналыг Үндэсний шүүхэд илгээсэн байна.Сэжигтнүүдийн “гэмт хэргийн ноцтой баримтыг анхааралдаа аван ийм шийдвэр гаргахыг” прокурор санал болгожээ. Пучдемон нарт тулгаж байгаа ялаар тэднийг 30 жил хүртэл хорин шийтгэж магадгүй. Тэр цагаас хойш харагдахгүй байсан Пучдемон Брюссельд очсон байв. Тэр Европын нийслэлд очсон гээд тэдэнд Каталонийн хямралыг танилцуулах гэсэн гэжээ.
Сонгуулиар сонгогдсон парламентын олонхи тусгаар тогтнолыг тунхагласан. Бүс нутгийн засаг захиргаа бие даасан улс байгуулах замаараа явах болно. Шударга бус байдал бага, тэгш эрх илүү, Испанийн ард түмнээс эхлэн дэлхийн ард түмэнтэй ахан дүүгийн барилдаан илүүтэй нийгмийн баталгаа болсон чөлөөт улс байгуулахын тулд үргэлжлүүлэн ажиллана гэж тэр хэлсэн байв. Каталонийн тусгаар тогтнолын төлөө шоронд суухаас ч буцахгүй гэж тэр хэлсэн байв.
Түүнд ба Брюсселиас буцаж ирээгүй хуучин дөрвөн сайдад нь олон улсын эрэл зарлахын төлөө Испанийн эрх баригчид үгээ хэлээд байна. Эцсийн эцэст тэд Каталонийн хөөгдмөл Засгийн газрыг байгуулж магадгүй юм.
Уригдаагүй зочид
Бельгийн эрх баригчид Пучдемоны Брюссельд ирснийг дэмжээгүй. Гэхдээ тэр Европын холбооны иргэн учраас ийм эрхтэй гэж Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель хэлсэн байгаа. Тэр Каталонийн хөөгдмөл эрх баригчид ЕХ-ны иргэн шиг л хандана гэдгээ онцолсон байв. Бельгийн эрх баригчид энэ айлчлалтад Пучдемоныг түлхээгүй бөгөөд харин “эрх зүйт улс гэдэг зарчмыг барихыг эрмэлзэж байна” гэж мэдэгджээ.
Испанийн хямралыг бид олон улсын болон үндэсний хэмжээнд шийдэхийг уриалж ирсэн юм. Гэсэн хэдий ч бид Испанитай өнөөгийн байдлын талаар холбоотой байгаа” хэмээн Ерөнхий сайд хэлжээ. Евро комиссийн төлөөлөгч Мина Андреева мэдэгдэхдээ Пучдемон ЕХ-той холбогдох ямар нэгэн оролдлого хийгээгүй гэлээ. ЕХ-ны байр суурь хэвээр байгааг тэр тэмдэглэв.
Пучдемоныг шүүх хүлээж байна
Пучдемон Брюссельд Каталонийн тусгаар тогтнолыг хамгаалж байх зуур Испанийн Үндсэн хуулийн цэц бүсийн парламентын тусгаар тогтнолоо зарласан тогтоолыг хүчингүй болголоо. АВС сонинд өгүүлснээр эрх баригчид Пучдемон ба бүсийн хуучин засгийн газрын гишүүдийналбан ёсны порталыг хаасан байна. Radio y Television Española мэдээлснээр, Испанийн Дээд шүүх мэдүүлэг авахаар Каталонийн хуучин парламентын зургаан удирдлагыг дуудсан байв.
Тэд арваннэгдүгээр сарын 2-3-нд өөрсдийн өмгөөлөгч нарын хамт шүүхэд очих ёстой. Хэрэв тэд сайн дураар шүүхэд очихоос татгалзвал тэднийг баривчлахыг прокурор шаардсан байгаа. Үндэсний шүүхийн коллеги Пучдемон ба бусад удирдагчдад бас нэг ял тулгасан нь ямар хэргээр гэдэг нь тодорхойгүй. Бүс нутгийн удирдлага байсан хүмүүс лхагва гаригт Барселонад Пучдемонгүйгээр буцан ирцгээсэн байв. Гэвч тэд шүүхэд очихоос татгалзжээ.
Сонгуулиас юу хүлээгдэж байна вэ?
Олон нийтийн санал асуулга явуулах төвийн шинэ мэдээгээр, Каталонийн хүн амын 40.2 хувь нь тусгаар тогтносон Каталони улс байгуулахыг дэмжиж байна. Өөр 27.4 хувь нь Каталонийг Испанийн холбооны бүрэлдэхүүнд улс болон байх ёстой гэж үзэв. Харин 21.9 хувь нь Каталонийг автономын эрхгүйггээр Испанийн муж байх ёстой гэжээ.
Хэрэв өнөөдөр сонгууль явагдсан бол Каталонийн тусгаар тогтнолын төлөө байгаа намууд ялах ёстой. Судалгаа үүнийг харуулж байна. Гэхдээ сөрөг намуудад арванхоёрдугаар сарын 21 хүртэл байр сууриа бэхжүүлэх боломжтой. Брюссельд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Пучдемон тусгаар тогтнолын төлөө байгаа талынхан ирэх сонгуульд оролцоно гэдгээ мэдээлсэн байна. Арванхоёрдугаар сарын 21-ний сонгуулийн үр дүнг бид ямар ч гарсан хүндэтгэн авч үзнэ гэж Пучдемон мэдэгджээ.
Карлес Пучдемон гэж хэн бэ?
Албан тушаалд орон тангараг өргөхдөө Үндсэн хууль ба Испанийн хаанд үнэнч байхаас татгалзсан Каталонийн автономын Засгийн газрын анхны тэргүүн нь Пучдемон. Харин аравдугаар сарын 27-нд Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Каталонийн Засгийн газрын тэргүүнээс Карлес Пучдемоныг зайлуулж байгааг мэдэгджээ.
Карлес Пучдемон (Carles Puigdemont) 1962 оны арванхоёрдугаар сарын 29-нд Испанийн зүүн, хойд Жирон мужийн Амер(өнөөгийн Каталонийн бүтцийн) хотноо олон хүүхэдтэй айлд төржээ.Тэрбээр найман хүүхэдтэй айлын хоёр дахь нь байв. Эцэг эх эх нь чихэр, нарийн боов хийдэг байсан гэнэ. Хожим тэднийх Жиронд шилжжээ. Карлес Пучдемон 1980 онд Жироны их сургуулийн каталон хэлний ангид орсон ч төгсгөөгүй байв.
Сэтгүүл зүй: Тэр 1979 оноос жироны Diari de Girona сонинд ажиллан спортын сэдвээр бичиж байгаад 1981 онд El Punt сонинд шилжин хянагчаас ерөнхий эрхлэгч хүртэл явжээ. Ерээд онуудад Presencia сэтгүүлд бичиж байв. 1998 онд женералитат гэх Каталонийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Каталонийн мэдээний агентлагийг үндэслэгч нарын нэг болсон. Түүнийг 2002 он хүртэл удирдсан байв. Дараа нь хоёр жилийн турш Жироны хотын зөвлөлийн Соёлын ордныг даргалжээ. Тэр 2004 онд Catalonia Today сониныг англи хэл дээр бий болгон 2006 он хүртэл удирджээ. Каталонийн сэтгүүлчдийн эвслийн гишүүн юм.
Орон нутгийн захиргаанд: Пучдемон наяад оны эхнээс улс төрийн идэвхтэн болсон байв. “Каталонийн ардчилсан конвергенци” гэх үндэсний үзэлтэй намын залуучуудын жигүүрийг үүсгэн байгуулагчдын нэг болсон байв. Тэр нам нь 2016 оны зун Европын Каталонийн ардчилсан нам болон өөрчлөгдсөн юм.
Тэр анх удаа 2006 онд Каталонийн парламентад сонгогджээ. 2006, 2010, 2012 онуудад Каталонийг тусгаарлах зорилготой “Конвергенци ба холбоо” (“Каталонийнардчилсан конвергенци” ба “Каталонийн ардчилсан холбоо”) эвслээс нэр дэвшсэн юм.”Каталонийн ардчилсан конвергенци”, Каталонийн зүүнийн бүгд найрамдах нам, “Каталонийн ардчилагчид”, “Зүүний хөдөлгөөн” зэргийн “Хамтдаа “За”” эвслээс тэр 2015 онд парламентад сонгогдсон байна.
2007-2011 онуудад Жироны хотын зөвлөлийн гишүүн байгаад 2011-2016 онуудад 100орчим мянган хүнтэй энэ хотын мэрээр ажиллав. Түүний парламентын гишүүн учраас хотын үйл ажиллагаанд цөөн оролцсон гэж шүүмжилж байв. Гэхдээ тэр хотод жуулчдын урсгалыг татснаас гадна “Хаан ширээний тоглоом” киноны зарим хэсгийг тэнд хийлгэж чаджээ. Мөн тэрбээр хотын музейд Рафаэль Сантосын шүүмч бөгөөд каталони зураач Торроэльягийн (1914-2002) уран зургийн цуглуулгыг авч өгсөн байв. Цуглуулгад нь Жоан Миро, Пабло Пикассо нарын зургууд байв. 2015-2016 онуудад Тусгаар тогтнолын төлөөх хотуудын захиргаадын эвслийн дарга байжээ.
Улс төрийн үйл ажиллагаа: 2016 нэгдүгээр сарын 10-наас Каталонийн автономын Засгийн газрын (Женералитат) дарга (ерөнхийлөгч). Түүний төлөө 135 суудалтай орон нутгийн парламентын 70 гишүүн санал өгчээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө тэр Испанийн үндсэн хууль ба хаанд үнэнч байхаас татгалзсан юм. Үүгээрээ тэр ийм алхам хийсэн Каталонийн анхны тэргүүн болжээ. Автономын тусгаар тогтнолыг зарлах зорилготой Засгийн газраа тэр өнгөрсөн нэгдүгээр сард танилцуулсан билээ. 2017 оны зургадугаар сард Карлес Пучдемон тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулга явуулахаар зарлав. Аравдугаар сарын 1-д түүнд оролцогчдын 90,18% Испаниас тусгаарлахын төлөө санал өгчээ. Тусгаар тогтнох тунхагт гарын үсэг зураад түүнийг зарлаагүй байдаа Пучдемон Испанийн Засгийн газартай хэлэлцээр явуулах гэсэн ч тэд үүнийг хүлээн авалгүйгээр хатуу байр сууринд зогсон аравдугаар сарын 27-нд Мариано Рахойн Засгийн газар катаолонийг удирдлагыг зайлуулахаар шийдсэн байна.
Гадаад хэл, ном, гэр бүл, сонирхол: Англи, франц, румын хэлтэй. Хэд хэдэн ном бичжээ. Тухайлбал 1994 онд “Ката… юу вэ? Каталони гадаадын хэвлэлийн ойлголтоор” гэсэн номондоо гадаадын хэвлэл дэх Каталонийн дүрийн талаар өгүүлжээ. Одоо Catalonia Today сонины ерөнхий эрхлэгч Марчеле Топор (румын сэтгүүлч) гэдэг эмэгтэй түүний эхнэр юм. Магали, Мария гэдэг хоёр охинтой.
Хөгжим сонсож, ном унших дуртай, шинэ технологийг сонирхдог. Өөрийн Twitter-т 15 мянга гаруй мэдээлэл бичжээ. 483 мянган хүн түүний хуудсыг бүртгэн авсан байгаа. Жирон хотын хөлбөмбөгийн багийг дэмждэг.
Бэлтгэсэн М.ЭРДЭС