Уулын спорт, ялангуяа дэлхийн өндөр оргилд гарах аялал нь спортын эрсдэлтэй төрөлд ордог бөгөөд уулчид бусад спортын тамирчдаас илүү амь насаа алддаг байна. Тэгвэл энэ удаа нэгэн зэрэг 15-аас дээш уулчин амь насаа алдсан ослуудыг “4sport.ua” сайтад он дарааллаар түүвэрлэн гаргажээ. Саяхан Отгонтэнгэр ууланд болсон манай уулчдын осол дэлхийн уулын спортын түүхэнд гарсан хамгийн том ослын 6-д бичигджээ.
1937 оны 07 дугаар сар. Пакистаны Нангапарбат уул. 16 хүн амиа алджээ
Германы экспедицийнхэн 1934 онд Нангапарбат ууланд амжилттай авиралт хийжээ. Ингээд дахин хойд хэсгээс нь авирахаар болж, энэ удаад багийг өмнө ахлагч Карл Вьен ахалсан байна. Гэвч цас их орсны улмаас хангалттай дээшилж чадахгүй байлаа. 06 дугаар сарын 14-нд Германы долоон уулчин, есөн шерп буюу багийнхан бараг бүгдээрээ Ракхиот оргилын доохно IV лагерь байж байтал шөнө цасан нуранги мөсөн дээр арайхийн тогтоосон лагерийг даржээ. Ингээд долоон уулчин, есөн шерп гээд тэр шөнө лагерьт байсан бүх хүн амиа алдсан байна.
1970 оны 05 дугаар сар. Перугийн Уаскаран уул. 15 хүн амиа алджээ
1970 оны 05 дугаар сарын 31-ний 15:20 цагийн орчимд Перугийн Юнгай хэмээх жижигхэн хотын иргэд алс холын нэгэн чимээг сонсчээ. Газар чичирхийлж, асар хурдтайгаар хөдөлж эхлэв. Байшингууд нурж, газрын ан цав нэг гарч ирж, нэг алга болж байв. Газрын хөрсөнд хэдэн арван жилээр хуримтлагдсан ачаалал гэнэт тэсэрч, 42 секундын дотор газар хөрсөөрөө эргэн дахин хэвийн байдалд оржээ.
Газар хөдлөлт болохоор долоо хоногийн өмнө Перуд Чехийн 15 уулчин Уанда хэмээх далайн түвшнээс дээш 6000 метрийн оргилыг эзлэхээр иржээ. Тэд Юнгайгаас холгүйхэн нутгийн иргэн Себ Ореогийн сувилалд буудаллажээ. Ингээд авиралт хийх үед группийг удирдаж авсан Социалист Бүгд Найрамдах Чехословак улсын сайд хүү хадан цохионоос нисч, нас баржээ. Юнгай хотын иргэд түүнтэй хоёр хоногийн турш салах ёслол хийж, оршуулахаар зэхэж байлаа. Гэвч цогцсыг Лима руу аваачиж, чандарлаад Чехословак руу илгээжээ.
05 дугаар сарын 30-ны бямба гарагийн өглөө Юнгай хотын хэсэг иргэн Уан-конукс хэмээх газар очсон байна. Энд чехүүд амиа алдсан нөхөртөө зориулан чулуугаар хөшөө босгожээ. Харин ирээдүйд хүрлээр хөшөө хийхийг хүссэн аж. Өдрийн 16 цагт төлөөлөгчид чехүүдийн буудалласан газраас явж, 17:30 гэхэд Юнгайдаа иржээ.
Гэтэл 1970 оны 05 дугаар сарын 31-нд уулын хойд хэсгээс хөрсний асар том гулгаа үүсч, Чехословакийн уулчдын групп, Юнгай хот, эргэн тойрны хөндийг тэр чигт нь хаман оджээ.
Чехословакийн уулчдын буудалласан лагерь
Амиа алдсан уулчид
1972 оны 04 дүгээр сар. Балбын Манаслу оргил (8156 м). 15 хүн амиа алджээ.
1972 онд Солонгосын экспедицийнхэн дэлхийн 8000 м-ээс дээш оргилдоо наймдугаарт ордог Манаслу оргилд зүүн хойд хэсгээс нь авирах оролдлого хийсэн байна. 04 дүгээр сарын 10-нд 6500 метрийн өндөрт тэмдэглэгдсэн лагерийг цасан нуранги бүрхжээ. Ингээд дөрвөн солонгос, нэг япон, Балбын 10 шерп гээд нийт 15 уулчин амиа алдсан байна.
1990 оны 07 дугаар сар. Тажикистаны Лениний оргил. 43 хүн амиа алджээ.
1990 оны 07 дугаар сарын 13-нд Лениний оргилоос асар том мөс тасарч, нурангинд Зөвлөлт, олон улсын уулчдын зогсоолыг үгүй хийжээ. ЗСБНХУ-ын үед энэ бол уулын спортын түүхэн дэх хамгийн олон хүн амиа алдсан том осолд тооцогдож байсан юм. Энэхүү ослын улмаас 43 хүн амиа алдсан 27 нь Оросын уулчин байв. Тэдний 23 нь тухайн үеийн хамгийн сайн уулчдын нэг Леонид Трощиненкогоор ахлуулсан Ленинградын уулын клубынхэн байсан аж. Мөн Чехословакийн зургаан уулчин, Израилийн гурван уулчин, Швейцарийн хоёр уулчин, Испанийн нэг, Италийн нэг, Германы гурван уулчин явж байжээ.
Энэ аяллаас Алексей Корень, И.Лукин, Балыбердин хэмээх гурван уулчин л амьд гарсан байдаг. Корень, Лукин нар майхнаа үндсэн лагериас доор, хадан цохионы нөмөрт байрлуулсандаа амьд үлдсэн бол Владимир Балыбердин энэ өдөр нурсан бөөн цасны дээхэнтээ хайс босгож, тэндээ хоноглож байжээ.
Энэ ослын шалтгааны талаар нэг таамаглал байдаг. Энэ өдөр хятадууд газар доорх цөмийн туршилт явуулжээ. Энэхүү туршилтын улмаас Афганистанд газар хөдөлж, түүний чичирхийлэл нь Памирт хүрч, Лениний оргилоос асар том цас нурсан гэдэг. Цасан нуранги 1.5 км үргэлжилсэн бөгөөд 5300 метрийн өндөрт уулчдын буудалласан газар гээд өргөн талбайг тэгшилжээ. Энэ газрыг “хайруулын таваг” гэж нэрлэдэг байсан бөгөөд хамгийн аюулгүй маршрутад тооцдог байв.
Лениний оргил дээрх дурсгалын самбар
Осол болсон газар
1995 оны 11 дүгээр сар. Балбын Гокио хөндий. 26 хүн амиа алджээ.
1995 оны 11 дүгээр сарын 11-нд Японы 13 уулчин, Балбын 13 шерп гээд 26 хүн Балбын Гокио хэмээх хөндийд болсон цасан нурангинд даруулж амиа алджээ. Энэ үед группынхан Гокио-Ри (Gokyo Ri, 5357 м) ууланд амжилттай авиралт хийгээд бууж явсан аж. Ерөнхийдөө Балбад цасан нуранги үүсэх өндөр эрсдэлтэй байсан тэр хэд хоногийн хугацаанд нийт 46 уулчин амиа алдсан юм.
2005 онхы 10 дугаар сар. Балбын Кан Гуру (6981 м). 18 хүн амиа алджээ.
2005 оны 10 дугаар сарын 20-нд 5700 метрт, Францын экспепицийн үндсэн лагерьт насан нуранги үүсчээ. Энэ үед лагерьт буудаллаад байсан Францын уулчид болон шерпүүд бүгд амиа алдсан байна. Харин энэ үед майхнаасаа зайдуухан байсан хэдэн уулчин азаар амьд гарсан байна. Цасан нурангинд 18 хүн амиа алдаж, эрлийн ажиллагаагаар тав хоногийн дараа л нэг уулчны цогцсыг олжээ.
Осол болсон газрыг улаанаар тэмдэглэжээ
2014 оны 04 дүгээр сар. Балбын Эверест. 16 хүн амиа алджээ.
2014 оны 04 дүгээр сарын 18-нд 5800 метрийн өндөрт гулгаа үүссэний улмаас 10 гаруй хүн амиа алджээ. Гамшигт өртсөн хүмүүс бүгд аяллын экспедицийн маршрутыг гаргаж байсан Балбын шерпүүд аж.
04 дүгээр сарын 21-нд эрэх, аврах ажиллагааг зогсоосон байна. Балбын Засгийн газрын албан ёсны мэдээллээс үзэхэд 13 хүн амиа алдаж, гурав нь сураггүй алга болсон байна. Өнөөдрийн байдлаар энэ бол Эверестийн оргилын түүхэн дэх хамгийн аймшигтай осолд тооцогддог аж.
Эверестэд өмнө зүгээс авирах стандарт маршрут ба цасан нуранги болсон газар
2014 оны 04 дүгээр сарын 18-нд цасан нуранги болсон хэсэг
2014 оны 09 дүгээр сар. Японы Онтакэ галт уул. 56 хүн амиа алджээ.
Японы Нагано мужид 09 дүгээр сарын 27-нд Онтакэ галт уул тэсэрчээ. 10 дугаар сарын 16-нд Онтакэ галт уул орчимд хийх эрлийн ажиллагааг зогсоосон байна. Аврагчид галт уул дэлбэрсний дараа сураггүй алга болсон 56 уулчны цогцсыг олсон аж. Урьдчилсан үзлэгээр уулчдын зүрх нь ажиллагаагүй болж, амьсгал нь зогссон байна.
Энэ бол Японы төдийгүй дэлхийн уулын спортын түүхэн дэх хамгийн том осолд тооцогдож байна.
2015 оны 04 дүгээр сарын 25. Балбын талаас буюу Эверестийн өмнөд хэсгийн үндсэн лагерьт болсон осол. 19 хүн амиа алджээ.
2015 оны 04 дүгээр сарын 25-нд Балбад болсон томоохон газар хөдлөлт энэхүү ядуу оронд асар их хор хохирол, уй гашуу авчирсан. Эхний чичирхийллээс хойш хэдэн долоо хоног өнгөрсөн хэдий ч хохирогчдыг таних ажиллагаа бүрэн дуусаагүй юм. 1934 оноос хойших хамгийн том газар хөдлөлтийн хор хохирлыг Балба улс нэлээд олон сар амссан билээ.
Энэ үед Балба даяар 7000 гаруй хүн амиа алдсаны дотор Эверестэд өмнөд хэсгээс авиралт хийхээр үндсэн лагерьт ирсэн уулчин 19 хүн багтжээ. Амьд үлдсэн уулчдын баталснаар Эвересттэй хөрш Пумори, Лингтрен уулнаас асар их хэмжээний цас унаж, орж ирсэн гэнэ.
Газар хөдлөлтийн улмаас Эверестэд цасан нуранги үүсч буй байдал
Хамгийн том нуралт үүссэн Пумори, Лингтерний хавцал
2017 оны 10 дугаар сар. Монгол Улсын Хангайн нурууны Отгонтэнгэр хайрхан (4008 м). 17 хүн амиа алджээ.
2017 оны 10 дугаар сарын 22-нд 4008 метр өндөр Отгонтэнгэр хайрхан том хэмжээний цасны нуралт үүсчээ. Энэ үед уулсын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан уулчдын томоохон групп оргилоос нь бууж явсан аж. Завхан аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр энэ нурангинд 27 уулчин өртсөнөөс 19 нь сураггүй алга болжээ.
Аврах багийнхан 3200-3450 метр өндөрт 10 уулчны цогцос зузаан цасанд дарагдсан байхыг олж илрүүлсэн байна. Эрлийн ажиллагаа 24, 25-нд үргэлжилж, аврагчид 160 мянган метр квадрат талбайг самнажээ. Инэгээд 24-нд амиа алдсан дөрвөн уулчны цогцсыг, 25-нд үлдсэн гурван хүний цогцсыг олсон байна. Цасан нурангинд алга болсон 17 уулчин бүгд амиа алджээ.
2 comments
japonii galt uulaas busad ni dandaa yaduu ornuud, technik muu, zaavar udirdlaga muu ulsuudiinh baina
haramsaj bna.vnheeriin hetsvv buult boljee. um sain amgalan boltugai.