АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон картны сугалааг цуцлахыг уриаллаа. Урьдчилсан мэдээллээс үзэхэд өнгөрсөн мягмар гаргат Манхэттенд террорист халдлага үйлдсэн Сайфулло Саипов гэгч энэхүү сугалаагаар 2010 онд тус улсад байнга оршин суух эрхтэй болжээ.

Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр би олон төрлийн сунгалааны хөтөлбөрийг зогсоох үйл явцыг эхлүүлж байна. Би конгрессоос энэхүү хөтөлбөрөөс салах ажилд яаралтай санаачилга гаргаж ажиллаасай гэж уриалж байна” хэмээн мэдэгджээ.

Үүнээс өмнөхөн тус улсын төрийн тэргүүн ногоон карт хөтөлбөрийг орлох, тухайн цагаачийн хувийн чанарыг үнэлэх системээр солих санал бүхий жиргээг нэг бус удаа цацаж байсан билээ.

Америкийн засаг захиргаанаас 29 настай Сайфулло Саиповыг АНУ-д ногоон картаар ирсэн гэж албан ёсоор батлаагүй байгаа юм.

Саипов нь түрээсэлж авсан машинаа жолоодон мягмар гарагт Доод Манхэттенд хэдэн арван хүнийг дайрч, найман хүний аминд хүрсэн билээ. Цагдаа нар түүнийг шархдуулан өдгөө эмнэлэгт байгаа бөгөөд мөрдлөг шалгалтаар түүнийг “Исламын улс” алан хядах бүлэглэлийн үзлийг дэмждэг болох нь тогтоогдсон байна.

Ногоон картны сугалаа гэж юу вэ?

Ногоон картны сугалааны хөтөлбөр анх 1990 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Энэхүү сугалааны тусламжтайгаар жил бүр 50 орчим мянган хүн АНУ-д байнга оршин суух эрхтэй болдог.

Уг хөтөлбөрийг боловсруулахад сенат дахь одоогийн ардчилсан цөөнхийн удирдагч, тухайн үеийн конгрессийн гишүүн Чак Шумер нэлээд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр конгресс дэх хоёр намын дэмжлэгийг авч, Ерөнхийлөгч том Бушийн баталснаар сугалааг гаргасан билээ.

Трамп лхагва гарагийн өглөөний нэгэн жиргээндээ уг хөтөлбөрийг “Шумерийн хүүхэд” хэмээн нэрлэжээ. Гэтэл Чак Шумер нь 2013 онд ногоон карт сугалааг бүрэн зогсоохыг санал болгосон хуулийн төсөл дээр ажиллаж байсан. Энэ хуулийн төслийг сенатаар хүлээн зөвшөөрсөн ч төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчуудын эсэргүүцэлтэй тулгарчээ.

Узбекистан зэрэг Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнууд 1995 оноос эхлэн ногоон картны сугалаанд оролцож эхэлжээ. Вашингтонд байрлалтай Катоны хүрээлэнгийн мэдээлж буйгаар 2010 онд Узбекистанаас АНУ-д ирсэн нийт цагаачдын 69 хувь нь энэ сугалаагаар виз авчээ.

2017 онд Узбекистан ногоон картанд хожсон хүнийхээ тоогоор Орос, Иран, Ардчилсан Бүгд Найрамдах Конго, Этиоп улсын араас тавдугаарт бичигджээ. Энэ онд ногоон картанд хожсон узбек иргэдийн тоо 4494-д хүрсэн байна.

Сугалаанд оролцох нэг нөхцөлийн нэг нь бүрэн дунд болон түүнтэй тэнцэх хэмжээний боловсролтой байх ёстой. Ташкентэд хуульч асан, өдгөө Нью-Йоркт хараат бус зөвлөхөөр ажилладаг Сухроб Исмаилов “Ногоон карт Узбекистаны иргэдийн дунд өндрөөр үнэлэгддэг. Америк мөрөөдөлд тэмүүлсэн тэд АНУ-д нэвтрэх виз авахын тулд боломжтой бүгдийг хийдэг” гэж тайлбарлажээ.

Гэхдээ сугалаанд хожиход нэлээд өртөг өндөртэй. Узбекистаны иргэд, ялангуяа Самаркандынхан сугалаанд өндөр түвшинд оролцдогийг зуучлагчдын гэмт үйл ажиллагаагаар тайлбарлаж болно. Тэд Узбекистаны иргэдийн нэрийн өмнөөс хэдэн мянган цахим маягтыг хэлэлгүйгээр бөглөдөг байна. Ингээд сугалаанд хожсон хүн виз авахын тулд тэдгээр зуучлагчид асар их хэмжээний мөнгө төлнө.

Сухроб Исмаиловын хэлж буйгаар Самаркандын иргэд ялангуяа хилийн чанадад идэвхтэй ажил хайдаг болохоор ногоон картын сугалаанд оролцохыг хүссэн хүмүүст үйлчилгээ үзүүлэх хууль бус хувийн агентлагууд ихээр нээгддэг аж.

2012 онд Ташкент дэх АНУ-ын ЭСЯ-ны консулын хэлтсийн тэргүүн Отто Уэстхассел сугалаанд хожиж, Америкийн виз авсан Узбекистаны иргэдийн 60 хувь нь Самаркандын иргэд байна гэж мэдээлжээ. Узбекчүүд ногоон карт тэдэнд ажилд орох зөвшөөрөл олгоод зогсохгүй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах боломж олгодог гэдгийг сайн мэднэ. Сухроб Исмаиловын хувьд узбекчүүдээс ногоон карт яах авч, улсаасаа гарах вэ гэсэн асуулт, хүсэлт их ирдэг тухай ярьсан байна. Түүнчлэн тэрбээр Мексик зэрэг хөрш орнуудаас Америк руу орж ирсэн узбек гэр бүлүүдтэй танил гэнэ. Эдгээр гэр бүл ихэвчлэн луйвардуулж, төөрөгдөлд орсноос энд ирдэг аж.

АНУ-д Узбекистанаас ирсэн цагаачдын тухай Катоны хүрээлэнгээс гаргасан мэдээлэл 

-1997-2006 онд буюу 20 жилийн хугацаанд АНУ-д Узбекистанаас 158243 иргэн хууль ёсны визтэй орж иржээ.

-Эдгээрийн ¾ буюу 115160 нь түр хугацааны аяллын визээр ирсэн байна.

-Харин ¼ буюу 39363 нь байнга оршин суух эрх олгодог цагаачлалын визээр иржээ. 2010 онд Узбекистанаас ирсэн нийт цагаачдын 69 хувь нь сугалаанд оролцож, ногоон карт авчээ. 2017 онд энэ тоо 58 хувьтай байна.

-Цагаачдын хоёр хувь нь дүрвэгч байдлаар орж ирдэг. Харин 37 хувь нь дүрвэгч мусульманчууд байдаг аж.

-Узбекистаны иргэд АНУ-д түр оршин суух эрхтэй нийт иргэдийн 0.1 хувийг бүрдүүлдэг. 1997-2006 оны байдлаар  нийт цагаачдын 0.4 хувь, нийт дүрвэгчдийн 0.3 хувийг бүрдүүлж байв.

Эх сурвалж: ВВС

Э.ЗАЯА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн